Б.Баясгалан
01 сарын 28, 2021
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хоригийн талаарх УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд нар хариулж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд "УИХ өнөөдөр Үндсэн хуулийнхаа тогтолцоо, тэнцвэрийг ингэж мушгин гуйвуулж, мөнх байх юм шиг улс төрийн нэг хүчин рүү өөрчлөлт хийх нь маш аюултай үзэгдэл. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилох томилгоонд оролцох эрх авахын төлөө хориг тавиагүй. Битгий тэгэж гуйвуул. Энд ямар нэгэн албан тушаалын тэмцэл байхгүй. Зүгээр л зөв шийд, Үндсэн хуулийнхаа дагуу ард түмнээрээ хэлэлцүүлээд, саналыг нь аваад, хууль хяналтын байгууллагуудаараа яриулаад ном ёсоор нь оруулаад ир гэж байгаа. Үнэхээр ард түмэн эрх баригч намын Ерөнхий сайд АТГ-ын даргыг сонгодог болохыг дэмжвэл болж байна" гэж үзэж байгаа" хэмээлээ.
"УИХ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм.
Тэрээр хориг тавьсан албан бичигтээ:
УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан" гэжээ.
Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.