Б.Баясгалан
04 сарын 08, 2021
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригт "Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна" гэжээ. /Уг хоригийг ЭНД дарж уншина уу/
Ш.Адьшаа: УИХ олонхын улс төрийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага болсон
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байгаа. Өнөөдөр УИХ хууль тогтоох, дээдлэх зарчмыг алдагдуулсан, олонхын улс төрийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага болжээ. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаа алдагдуулах шийдвэр гаргаж буйд гүнээ харамсаж байна.
Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд авчирч, өнөөдөр шүүх эрх мэдэл, Монгол Улсын Үндсэн хуулийн баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль дээдлэх зарчмын хүрээнд шийдвэрээ гаргах боломжгүй болсон гэж харж байна. Үндсэн хуулийн цэц 03 дугаар сарын 19-нөөс хойш өнөөдрийг хүртэл Бага суудлын хуралдаанаа хийж шийдвэрээ гаргахгүй байна. Ийм зүйл 30 жилийн түүхэнд байгаагүй. Ийм байдалд хүргэсэн хариуцлагаа олонх болсон МАН хүлээ.
Хууль дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх асуудал өнөөдөр улс төрийн шийдвэр биш, Үндсэн хуулийг биелүүлэх зарчим байх ёстой. УИХ-ын зарим гишүүн олонхоороо түрүй барьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд халдсан мэдэгдлүүд хийж байгаадаа ёсзүйн дүгнэлт хийх ёстой. Нийгэмд буруу ойлголт өгөх, хууль шүүхийг гуйвуулах ажиллагааг улстөржүүлэх нь нийгэмд хор уршиг учруулна. Үүнийгээ анхаар" гэв.
Ж.Сүхбаатар: Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй
Хариултад нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Энэ асуудлаар байнгын хороон дээр ярьсан. Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдлээр оролцдог. Цэцийн 9 гишүүний 3-ыг нь санал болгож томилуулдаг.
АН-ын талаас үүнийг эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж ойлгуулахаар яриад байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан хяналт, тэнцлийн зарчмаар зохистой байранд нь оруулах гээд буй. Үүнийг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд буй юм шиг, нөгөө талаас ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд очиж зогсоод хүнд байдалд буй юм шиг харагдуулах гээд яриад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол тэртээ тэргүй төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүн.
Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэж буй зүйл байхгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийн тэнцвэр гажуудаж, Ерөнхийлөгч авлигатай тэмцэгч, хууль сахиулагч, УИХ, Засгийн газарт хамгийн их нөлөөтэй хүн шиг дүрд орчихсон. Энэ дүрээс нь л салгах гээд буй юм" хэмээлээ.
уих чуулганы нэгдсэн хуралдаан ерөнхийлөгчийн хориг ж.сүхбаатар ш.адьшаа
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.