"Digital Product Conference 2023" -аас онцлох санаа

Өнгөрсөн пүрэв гараг гарагт "Digital Product Conference 2023" болж өнгөрлөө.

Өмнө дижитал бүтээгдэхүүнийхээ UX дээрээ анхаарснаар асар их цаг хугацаа, санхүүгийн зардлаа хэмнэдэг гэдгийг тайлбарлахад чиглэж байсан бол энэ удаа дижитал бүтээгдэхүүн гэсэн үндсэн сэдэв дээр төвлөрсөн юм.

Хамгийн их сонирхол татсан сэдэв бол яах аргагүй илтгэгчдийн яриа болгонд дурдагдсан хиймэл оюун ухааны дижитал бүтээгдэхүүн талаарх яриа байв.

Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн цуглаан гэж болох энэхүү арга хэмжээнд илтгэл тавьсан болон хэлэлцүүлэгт оролцсон зарим зочдын онцлох санааг товчлон хүргэж байна.


Санаа биш гүйцэтгэл, үр дүнд төвлөр

/Blind care хамтран үүсгэн байгуулагч/ Б. Батжаргал\

Технологи маш хурдацтай өөрчлөгдөж хувьсаж байна.  Үүнийгээ дагаад шинэ санаа гэж зүйл бараг үгүй болсон гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз. Харин шинэчилсэн санаа буюу нэгэнт бий болсон дижитал бүтээгдэхүүний санааг илүүг сайжруулах тал дээр төвлөрч, нэмэлт шийдлийн эрэлд гарах нь чухлыг ихэнх нь ойлгосон. Мөнгө, цаг, хөдөлмөрөө үрэн таран хийхгүйн тулд энэ бүхнийг хийж байгаа хэрэг. Иймээс л дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа л бол үүнийг заавал бодолцох учиртай.

Дижитал бүтээгдэхүүнийхээ ялгарлын эрэлд гар, бүр сайтар бодож хөгжүүл.  Өрсөлдөөнд үнээр бус өөрсдийн гэсэн ноу хау, инновацилаг байх нь зах зээлд ялгарах стратеги болно. 

Заримдаа түр зогсоод бүтээгдэхүүнээ гаднаас хар, ажиглах нь хамгийн зөв шийдэл байдаг. Ингэснээр эргэж харах, сайжруулах өөрөөсөө асуух  олон асуулт гарч ирнэ. 

Тухайлбал, таны хийсэн бүтээгдэхүүнийг та л ойлгоод байгаа юм биш биз? Тиймээс анхааралтай ажигла, дахин сайжруул. Зөвхөн анхны санаа, романтик төсөөлөлдөө хөтлөгдөөд байлгүй, гүйцэтгэл үр дүнд төвлөрснөөр үнэ цэнтэй дижитал бүтээгдэхүүн гардаг.


Яаж хэрэглэх вэ гэж бодуулж л байвал муу дизайнтай дижитал бүтээгдэхүүн гэсэн үг

/“Procraft” агентлагийн үүсгэн байгуулагч, UXUI дизайнер Э.Цогт/

Дижитал бүтээгдэхүүн хийх гэж байгаа хүмүүст маш том алдаа бий, тэр нь шууд дизайнаа хийж эхэлдэгт байдаг. Ингэх явцдаа UX болон UI гэсэн үгтэй тулдаг.

"User interface" дизайн нь дижитал бүтээгдэхүүний хэрэглэгчтэй харилцаж буй өнгө, дүрслэл, элемент буюу хүний нүдэнд үзэгдэж буй хэсэг. UX бол тухайн бүтээгдэхүүний стратегиэс авхуулаад цар хүрээ, бүтэц, араг яс, UI дизайн гээд бүгдийг нь багтаасан илүү өргөн ойлголт юм.

Үнэхээр хэрэгцээ шаардлага нь үүсчихсэн хүлээгдэж байгаа зах зээлд тааруухан UXUI, тиймхэн дизайнтай байлаа ч хүмүүс аргыг нь олоод хэрэглэдэг. 

Хэрэглээгүй буюу шаардлагагүй зах зээлд хичнээн сайн UXUI-тай байсан ч бүтэлгүйтэх магадлалтай. Иймээс л зорилтот хэрэглэгчдэдээ өгөх үнэ цэнээ ойлгож, асуудлыг нь шийдэж чадаж байгаа эсэхээ сайтар бодож үзэж, судалгаа хийх ёстой. Ингэснээр төөрөлдөхгүй, бодохгүйгээр шахуу ашиглах боломжтой дижитал бүтээгдэхүүн гардаг.

Иймээс л “Сайн дизайн харагддаггүй” гэж үг байдаг. Хэрэглэхэд эвтэйхэн, хялбар, учраас л тэр.

Харин эсрэгээрээ муу дизайн ойлгомжгүй байдлаараа анхаарал татдаг. Үүний дараа дизайн, хөгжүүлэлт, маркетингаа хийх ёстой. Үүнийг ойлгоогүйгээс л компаниуд асар их зардал гаргаж, бүтэлгүйтдэг.


Код бичихгүйгээр програм хөгжүүлэх шийдэл бэлэн болчихлоо

/IO институтын үүсгэн байгуулагч, IT инженер Б.Тулга/

Бизнес эрхлэгчид дижитал бүтээгдэхүүн дээрээ янз бүрийн санаа гаргадаг. Тэр болгонд систем өөрчлөгдөнө. Гэхдээ энэ явцад аль нэгэн хөгжүүлэгч өвдөх, ажлаасаа гарч болно шүү дээ. Ард нь бөөн ажил, стресс үлддэг.  Дараагийн хүн орж ирээд дахиад л нухаж эхэлнэ. Нэмээд захирлын толгойд төрсөн гэнэтийн шилдэг санаа гэж том ажил бий.

Энэ бол компани, хөгжүүлэгчийн аль алинд нь тулгардаг мөнхийн асуудал. Иймээс хэн нэгнээс үл хамаарсан системийн эрэлд гарч байна.

Энэ бол “low code, no code” юм.

Дараа жил гэхэд програмчлалын үндсэн мэдлэггүй хүн ч “low code, no code”-оор нийт бүтээгдэхүүн үйлчилгээний 65 хувийг хийнэ гэсэн статистик ч гарчихлаа. 

Үр дүнд нь цаг хугацаа хэмнэнэ, бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь аль болох код бичихгүйгээр програм хөгжүүлэх шийдлийн эрэлд гарсан гэсэн үг.

Танд энэ хоёрыг ашиглаад өөрийнхөө вэб сайтыг хийх боломж байгааг дуулгахад сайхан байна.

Холбоотой сэдвүүд

дижитал дижиталмонгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.