Клабхаус саяхан өөрсдийн аппликейшний нүүр царайгаар визуаль уран бүтээлч, технологич, нийгмийн идэвхтэн Дрүе Катаокаг сонгон өөрчилсөн билээ. Тэгвэл ойрын хэдэн долоо хоногт хатагтай Катаокагийн зураг 13 сая ухаалаг төхөөрөмж дээр Клабхаусын нүүр царайг төлөөлөх юм. Тэрээр тус аппликейшнийг төлөөлөх найм дахь нүүр царай болж байгаа нь энэ. Онцлог нь тэрээр уг үүргийг гүйцэтгэж байгаа анхны ази-америк гаралтай, визуаль уран бүтээлч ажээ.

2020 оны 3 дугаар сард тус аппликейшнийг хэрэглээнд нэвтэрсэн даруй хамгийн анхны хэрэглэгчдийнх нь нэг болж байсан тэрээр #StopAsianHate хаштагын хүрээнд Клабхауст өрөө үүсгэн өөрийн уран бүтээл, гайхалтай холбоо харилцаа, ажлын ёс зүйгээрээ 100 мянган ам.долларын санхүү босгож байжээ.

Тэгвэл шүүмжлэгчдийн зүгээс АНУ-д ази-америк гаралтай нийгмийн бүлэг эрсдэлд ороод байгаа энэ цаг үед эмэгтэй, ази-америк гаралтай, визуаль уран бүтээлч-идэвхтний зургийг аппликейшний нүүр царайгаар сонгосон нь үнэхээр нүдээ олсон хэрэг хэмээжээ. 

Энэхүү нийгмийн бүлгийн эсрэг үзэн ядах хөдөлгөөн даамжрахад Катаока өөрийн 700 мянган дагагчдын ази-америк гаралтай нийгмийн бүлэг, үзэн ядалт бүхий гэмт хэргүүд, ялгаварлалын тухайд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, өөрөө хөтөлж байсан юм. 

Тийнхүү тэрээр #StopAsianHate хөдөлгөөнийхөө хүрээнд 10 мянган ам.долларын санхүү босгохыг зорьж хандивын санг нээсэн ч, нээгдсэн даруй 90 мянга гаруй ам.долларын санхүү босгож чаджээ. Тухайн хандив Ази-Америкийн холбоонд очсон болно.

Хатагтай Катаока бол Токио хотод төрж, АНУ-д өссөн хүн бөгөөд түүний аав япон, ээж нь кавказ гаралтай америк хүн ажээ. Тэрээр Дэлхийн Эдийн засгийн форумын дэлхийн залуу манлайлагч, Соёл урлагийн манлайлагчаар тус тус нэрлэгдэж байсан ба Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр Давост зохион байгуулдаг уулзалтад өөрийн бие даасан үзэсгэлэнг толилуулсан цөөн уран бүтээлчдийн нэг юм.

Тэрээр өөрийн Клабхаусын нүүр царай болсон тухайдаа, хүмүүсийг нийгмийн эерэг өөрчлөлтөд тус платформыг хэрэглээсэй хэмээн хүссэн гэжээ. Катаока, “Бид 15 жилийн өмнө сошиал медиагийн тухай ойлголт тун хомс байсан. Гэсэн ч саяхныг хүртэл бид эдгээр платформууд ямар аймшигтай үйл хэргийг өдөөж болдгийг харлаа. Тиймээс Клабхаус мэтийн сонин, сонирхолтой платформуудыг хэрхэн зөв зохистой ашиглах нь хэрэглэгч бидний мэдэлд байна. Анх Клабхаус аппликейшн гарахад сошиалд өөрийн дуу хоолойгоо нэгтгэх нь үнэхээр шинэ зүйл байсан. Миний найдаж байгаагаар бид бүгд энэ мэт сошиал талбаруудыг ашиглан илүү олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадах юм” хэмээжээ.


Эх сурвалж: Forbes