УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулах журам буюу "ИТХ-ын төлөөлөгч сонгуулийн дүнгээр олонхын суудал авсан нам, эвслийн бүлэг иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 58.3, 58.4-т заасан шаардлагыг хангасан хүнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлнэ. Ерөнхий сайд энэ хуулийн 58.4-т заасан шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлж болно. Олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. Хэн ч олонх болоогүй тохиолдолд хамгийн өндөр санал авсан 2 хүнээр дахин санал хураалт явуулна" гэж өөрчлөн найруулсныг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр тус хуулийг санаачлагч гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монгол Улс нэгдмэл улсын хувьд томилгооны системийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Ний нуугүй хэлэхэд амьдрал дээр Засаг дарга нар ИТХ-ын төлөөлөгчдийн барьцааны хүн болчихоод байна. Тэгээд иргэдийн төлөө биш, Төлөөлөгчдийнхөө төлөө ажилладаг байдал үүсэж байна. Тиймээс хууль санаачлагч бид ярилцаад дээд шатны дарга буюу Ерөнхий сайд санал хэлдэг процессыг оруулсан. Үүнийг зарим хүн Үндсэн хууль зөрчиж байна гэж яриад байгаа. Нэр дэвшүүлэх процесст санал оруулж буй болохоос шууд томилж буй асуудал биш. Ер нь цаашдаа энэ асуудлыг цэгцлэхгүй бол орон нутгийн удирдлагын тогтолцоо болохгүй байна" хэмээлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Миний бодлоор аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болоё. Би өөрөө ч Ерөнхий сайд байсан. Өмнө нь олон зүйл харсан. Тэгж байж яралзтал ажиллах юм билээ. Ингэснээр орон нутгийн сонгуулийн утга учир гарна" гэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Засаг даргын томилгоотой холбоотой нэг санал хэлье. Саяхан Увс аймгийн Засаг даргыг аймгийн ИТХ-ын хурлаас нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулахад Ерөнхий сайд татгалзсан. Татгалзахдаа "Томилохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэсэн ганцхан өгүүлбэрээр хариу өгсөн. Энэ хуульд уг асуудлыг тодорхой болгох зүйл заалт байгаа юу. Татгалзахдаа хуулийн зүйл заалт, болзол болон эдгээр заалтаас ийм зүйлийг хангаагүй учир томилох боломжгүй гэдэг шалтгаанаа бичих ёстой юм биш үү. Ядаж иргэд нь манай нэр дэвшигч ямар шаардлага хангахгүй болоод буцаагдчихав гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнд тодорхой шийдэл гаргаж өгвөл орон нутгийн хуульд дэвшил болно" хэмээв.