peak.mn
09 сарын 20, 2018
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орныхоо түүхэндээ гаргасан хамгийн том алдааг нэрлэлээ. Түүний хэлснээр, энэ нь Америкийн Ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн гаргасан шийдвэрээр Америкийн цэргийг Ойрхи Дорнодод оруулсан явдал аж. Энэ тухай тэрбээр Америкийн улс төрийн томоохон цахим хуудас болох “The Hill”-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Магадгүй Обама, Ойрхи Дорнодоос цэргээ татах буруу шийдвэр гаргасан байж болох ч миний үзэж буйгаар, тус бүс нутагт цэргээ оруулсан нь манай улс орны урьд өмнө гаргаж байсан алдаануудаас хамгийн том нь болсон” гэж Трамп хэлсэн байна.
Түүний тодруулан хэлснээр, АНУ Ойрхи Дорнодод явуулсан ажиллагаанд 7 их наяд ам.доллар зарцуулсан бол хоёр тал хоёулаа олон сая хүнээ алджээ. “Олон сая хүний амьдрал” гэж тэрбээр цохон хэлсэн байна.
Пентагоны мэдээллээр, Ирак, Афганистан болон Сирид 2001-2018 онд явуулсан байлдааны ажиллагаанд 1 их наяд 52 тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин Америкийн Брауны их сургуулийн шинжээчид өөр тоо баримт гаргасан байна. Тэдний тооцоолж байгаагаар, 2017 оны есдүгээр сарын байдлаар 5 их наяд 6 тэрбум ам.доллар зарцуулжээ.
2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын дараа тухайн үед Америкийн Ерөнхийлөгч байсан бага Жорж Буш тус улсын тагнуулын мэдээллээр террорист “Аль-Каида” байгууллагын толгойлогч Усама бен Ладены нуугдаж байсан Афганистан улс руу цэргээ оруулах тушаалыг аравдугаар сард гаргасан юм. Үүнээс хоёр жилийн дараа Саддам Хусейны дэглэмийг унагахаар АНУ-ын цэргүүд Ирак руу халдан орсон билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.