Х.Оргил
07 сарын 10, 2022
Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн, Спортын мастер Дондогнямын Цэцэгийг зочины буландаа урилаа. Тэрбээр энэ жил хүүгийнхээ хамт улсынхаа баяр наадамд цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн иржээ.“Сур гэдэг хүчний бас оюун ухааны спорт юм шүү. Хоёр жил өнжсөний дараа алтан шар зурхайдаа түмнийхээ дунд зогсож байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.
Бичлэг үзэх:
30 нас хүрч, гурван хүүхдийн ээж болсон хойноо сурын спортод хөл тавьсан
Хүүхэд байхаасаа цана, теннис, волейбол гээд төрөл бүрийн спорт сонирхдог байлаа. Яагаад ч юм спортын мастер л болох юм сан гэсэн мөрөөдөлтэй. Амьдралаа хөөж явсаар хүнтэй сууж, гурван хүүхдийн ээж болчихсон. Нас 30 гарчихсан ч өнөө мөрөөдөл минь намайг орхиогүй.
Нэг хавар хажуу хашааны айлын хүнийг сур харвадаг гэдгийг нь мэдээд хүүхдээ тэврээд яваад орлоо. Сумаа бэлдэж янзлаад сууж байлаа.
“Яаж харвадаг юм бэ” гэж асуухад “Чи нэг татаад үзэхгүй юу” гээд л уриалгахан хэлэв. Би хүүхдээ унтуулчхаад дагаад талбайд очоод харваж үзэж билээ. Анх удаа харваж байгаа надад “Чи харвана, чадна” гэж хэлсэн. Тэр үгэнд нь их урамшаад суртай амьдралаа холбосон гэж боддог юм. Энэ ач буянтай эрхэм хүн бол Дэлгэрмөнхийн Базаргүр гэж Монгол Улсын мэргэн хүн байлаа.
Тухайн үедээ буруу барьж харваад гарын шууны судас хагараад овойчихсон байхад “Зүгээрээ, зүгээр миний хүү болно” гээд урам, өгч намайг дэмнэсэн.
Дараа жил нь Улс хувьсгалын 60 жилийн ойгоор 2 сартай хүүхдээ тэврээд улсын баяр наадамд багшийгаа дагаад хот явав.
Тухайн үед спортын мастерын болзлыг 32 сумнаас 22 онож байж хангадаг байлаа. Би хананд 20 хасаанд 12 оносон. Хананд 14 оночхоод “Мөрөөдөл минь бас л бүтэхгүй нь” гэж бодож байтал сүүлийнхээ сумыг онож Монгол Улсын спортын мастер гэдэг хар багаасаа мөрөөдсөн эрхэм цолоо авч байснаа мартдаггүй.
Аав ээжийн минь сүнс дээрээс харж байх шиг санагдсан….
Үндэсний сур харваж эхэлснээс хойш 42 жил болжээ. Бурханы оронд очтол, чадахаасаа чадахгүйгээ хүртэл харвана гэж боддог юм.
Эргээд санахад хамгийн дурсгалтай наадам Монгол Улсын мэргэн цол хүртсэн жил байжээ.
Тухайн үед 36 сумаас 34-ийг оносон юм. Тэр үеийн мэдрэмж тэс өөр байдаг юм билээ. Аав ээжийн сүнс хажууд харж байгаа юм шиг л санагдсан. Нутгийн ард түмэн түшиж, газар шороо ивээлээ гэж залбирсан.
Наадмаас өмнө Баян-Уулынх, эсвэл нөхрийнхөө сумаар ч дуудуулдаг байсан хүн л дээ.
Тэгсэн хэрнээ яг улсын мэргэн цол авах болоход Баяндунгийнх л гэж цоллуулах ёстой гэж бодогдсон. Нэвтрүүлэгч зарлахаас өмнө очоод “Намайг Дорнод аймгийн Баяндун сумын харьяат гэж цоллоорой” гэж хэлсэн юм. Өөр сумын нэр хэлчихвэл наанадаад нутгийн ард түмэн, цаанадаад аав ээжийн минь сүнс гомдоно шүү дээ. Ингэж эцэг эхийнхээ төрсөн нутгаараа дуудуулж билээ.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлаа битгий гээгээрэй
Эрийн гурван наадам гэдэг зөвхөн эрчүүдийн наадам биш эр зориг, эрч хүчний наадам гэж ойлгодог. Хүч ч, морь ч тэр эрч хүчний л уралдаан шүү дээ. Буриад сурын хувьд харваж байгаа сумаараа, булцуугаараа өөр. Бас бай, сураараа өөр.
Хамгийн олон сум гаргадаг нь буриад сур юм шүү дээ. Нийт 64 сум гаргана.
32 сум нь 45 метрээс, 32 сум нь 30 метрээс гаргадаг.
Жил ирэх тусам харваачид нэмэгдэж байгааг хараад бахархдаг. Анх намайг сур харваж байхад 100 хүрэхгүй харваачтай байлаа. Гэтэл одоо 1000 харваачтай сум ч энүүхэнд болжээ.
Залуусыгаа хараад яг л миний залуу нас шиг л хүсэл мөрөөдлөөр асаж яваадаа гэж бодогддог юм. Тэдэндээ өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг хойч үедээ сургамжлан хэлэхийг ч хүсдэг.
Мундаг залуус олон бий. Зарим нь сур л харваж байвал боллоо гэсэн хандлага цухалздаг тал анзаарагддаг.
Нас ахиад ирэхээр “Энэ яахав хөгшин” гэсэн ойлголт залуучуудад байх шиг харагддагт хааяа эмзэглэдэг. Харваж болно амжилт гаргаж болно, хүн болгонд амжилт ирнэ.
Гэхдээ ёс зүй гэдэг тэр сайхан үе дамжсан өвөг дээдсээс уламжилсан ёс заншлаа битгий гээгээрэй л гэж захимаар байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.