Зургаан настангууд ихэнх нь баяр, хөөртэйгөөр сургуульдаа ирдэг. Цөөн хэсэг нь уйлна, айна, гар өвдлөө, юм бичмээргүй байна, ном сурмааргүй байна гэдэг. Энэ бол тэдний аргагүй үйлдэл. Эцэг эхчүүд хүүхдээ анх сургуульд явахад нь материаллаг хэрэгцээг нь чадах чинээгээрээ хангаж өгдөг ч нүдэнд ил харагдахгүй сэтгэл зүйг нь огт бэлддэггүй. Тиймээс дөнгөж 1 дүгээр ангид оруулж буй эцэг эхчүүдэд энэхүү зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ?

- Хичээл эхлэхээс нь өмнө сургуулийн орчин, анги танхим, сандал, ширээ, номын сан, цайны газар зэргийг нь танилцуулаарай. /засвартай байгаа бол, хүүхдүүдээ хүлээж авахын тулд засвар хийж, шинэ, гоё болгох гэж багш, ажилчид зуны турш цаг наргүй ажилласан гэдгийг тайлбарлах/

- Шинэ орчинд дасан зохицох хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй./21-90хоног/

- Сурагч болно гэдэг бол чи бие даасан том хүн болохын эхлэл...аав, ээж, ах, эгч бүгд л сургуулийн сурагч байсан. Жил жилээр анги дэвшиж суралцдаг гэдгийг ярьж өгөөрэй!

- Чамайг хичээлээсээ тарах цагт гэр бүлээс нь хэн нэгэн заавал тосч авна гэдгийг хэлээрэй! Учир нь хүүхэд олон танихгүй хүүхдүүд дунд би үлдээд гэрээ олохгүй төөрөх вий гэсэн айдаст автдаг.

- Сургуульд сурна гэдэг ядаргаатай, хэцүү юм байна гэдэг ойлголтыг төрүүлэхгүйг хичээгээрэй. Хүүхэд ийм бодолтой болчихвол идэвхгүй, анхаарал султай, сургуульдаа дургүй болж улмаар сурах хүсэлгүй болдог.


-Тэгвэл чамайг багш загнана, уурлана гэх мэтээр багшаар айлгаж, сүрдүүлж болохгүй. Багшаар айлгавал хүүхэд өөртөө итгэлгүй, сул дорой, санасан бодсоноо илэрхийлэхээ больдог. Багшийн нүдэнд өртөхгүй чимээ аниргүй нэгэн болж хувирна. Энэ нь анги ахих тусам хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө.

Хүүхдийн зохиолч, судлаач  Адъяагийн Найгалмаа