Тарвас бол 90 орчим хувийн уснаас бүрддэг ч их хэмжээний амин дэм, ашигтай бодис агуулсан жимс. Гэвч түүхий дутуу болсон тарвасыг хураан авч буруу нөхцөлд худалдаалж, зохисгүй нөхцөлд удаан хадгалснаас хордлогод хүргэх аюултай. Тиймээс тарвас худалдан авахдаа энэхүү зөвлөмжийг анхаарна уу.

Тарвас 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын эхэн үе хүртэлх хугацаанд бүрэн боловсордог. Харин үүнээс эрт үед гарч худалдаалагдаж буй тарвас нь хурдан болгож хураахын тулд азотын бордоогоор бордож, томруулдаг. Иргэд уг жимсээс хордлого авахгүйн тулд аль болох замын ойролцоо зарж буй цэгүүдээс татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь эргэн тойрон дахь хорт бодисыг өөртөө шингээдэг ажээ.  Үүнээс гадна наранд халсан ялангуяа тарвас, амтат гуанд агуулагдах бодисууд нь идэвхжсэн байдаг учраас шууд хэрэглэхэд гэдэсний суулгах өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. Мөн энэ шалтгаанаар хэзээ ч зүссэн тарвас бүү аваарай.  

Хэт том бус дундаж хэмжээтэй, маш тод ялгарсан зураасан судалтай тарвас сонгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна. Маш тод ялгарсан зураас, модон хальс нь тухайн жимсний болц сайныг харуулдаг аж.  Сүүл буюу суурь нь хатсан байх ёстой. Учир нь тарвас бүрэн болсны дараа тэрхүү үндсээр чийгээр авахаа больдог.