Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайг ШУА, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн хамтран хэлэлцэн энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна.

Энэ талаар Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн До.Цэнджаваас тодруулахад,

"Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг бид албан ёсоор тодорхойлсон. Өмнөх жил тодорхойлсон ч маргаанаас үүдэн утга зохиолын салбарт Нобелийн шагналтан тодруулаагүй юм билээ. Энэ жил ийнхүү албан ёоор тодорхойлж байна. Зохиолчдод маань урам болог. Д.Урианхай гуай маань “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон хүн. Мэдээж бид найдвар тавьж байгаа ч Нобелийн шагнал авна гэдэг амаргүй. Дэвших нь ч гэсэн авахаас дутахгүй нэр хүндийн хэрэг. 

Сонирхуулахад өмнө нь Монголоос  Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Л.Түдэв, Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Мэнд-Ооёо нар нэр дэвшиж байжээ.


Д.Урианхай

Инээд шиг хуучин хүний амьдралд...

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойрхон байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурхны хутаг олох

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх

Өчигдрийнх шиг,

Уржигдрынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх

Инээд шиг хуучин...

Нулимс шиг хуучин...

Гомдол шиг хуучин..,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх