Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн объектод хууль бус автомат тоглоомын газар ажиллуулж байна гэх мэдээллийн дагуу холбогдох албанынхан өчигдөр орой газар дээр нь очиж ажиллалаа.

Энэ үеэр Цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Энд автомат тоглоомын газар байна гэж би мэдсэн бол хэзээ ч үүнийг байлгахгүй байсан. Анхны түрээслэгч маань давхар түрээсэлсэн юм байна. Үүнийг мэдээлсэн та бүхэнд баярлалаа. Ийм зүйл байгаа учир одоо би түрээсээ цуцална. Хуулийн дагуу намайг маш олон газраас шалгах байх. Хэрвээ би энэ тоглоомын газрын үйл ажиллагаанд оролцсон бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Сэтгүүлчдийг үнэн зөвөөр мэдээллэхийг хүсэж байна. Сошиалаар худал мэдээлэл тарааж Монголын цагдаагийн нэр төрийг гутаахыг би тэсэхгүй. Газаа эргэж тойроогүйдээ би уучлал гуйж байна. Өөрийнхөө нэр дээр байдаг газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байхад нь өөрөө ирж хянахгүй, ажлын завгүй байдлаас болж мэдэхгүй явсандаа уучлал гуйж байна. Хүмүүс бол намайг ард нь байсан л гэх байх. Үүнийг маш сайн шалгах хэрэгтэй. Хууль дүрмийн дагуу эдгээрийг шалгуулна. Өөрийгөө ч шалгуулна. Хэрвээ би ард нь байсан бол хариуцлагаа хүлээнэ" хэмээлээ.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Ийм мэдээлэл гарсан тул цагдаагийн албан хаагчид албан үүргийнхээ хүрээнд болон Э.Бөхбат хурандаа албан ёсоор дотоод хяналт шалгалтад шалгуулахаар хүсэлт өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Зөрчлийн хуулиар уг асуудлыг шалгаж шийдвэрлэнэ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ тоглоомын газрыг хяналтад авч, хэд хэдэн удаа арга хэмжээ авсан. Гол нь энэ объект гэхээс илүү хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдүүд, тухайн газраар үйлчлүүлж буй иргэдийг хяналтдаа авч ажилласан. Бүртгэл судалгаа нь байгаа. Алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дотоод хяналт шалгалтаар тогтоогдоно" хэмээлээ.