ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн онд Их Британийн дуучин Эд Шираны хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 160 сая фунт стерлингэд хүрснээр “Sunday Times” сониноос жил тутам гаргадаг Хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтад дуучин Аделийн дээр бичигдэж эхэлжээ.


Өдгөө 28 настай Э.Ширан Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн 17 дугаарт бичигдэх болсон бол 2017 оноос хойш аялан тоглолт хийгээгүй, 31 настай дуучин Адель 150 сая фунт стерлингийн хөрөнгөтэйгээр 22-т жагсаж байна. Тэд бол энэхүү жагсаалтын эхээр жагссан залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм. 

Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтыг 820 сая фунт стерлингийн хөрөнгөтэй Эндрю Ллойд-Уэббер тэргүүлжээ. Тэрбээр өдгөө 71 настай юм. Харин уран бүтээлүүд нь шилдэг дуунуудын жагсаалтын эхний байруудад багтах болсон рэпер Стормзи /16 сая фунт стерлинг/ энэ жагсаалтад анх удаа багтжээ. 


Жагсаалтын хоёрдугаарт “The Beatles” хамтлагийн гишүүн, 76 настай Пол Маккартни бичигдсэн бөгөөд түүний хөрөнгийн хэмжээг өнгөрсөн оныхтой харьцуулахад 70 сая фунт стерлингээр буурч, 750 саяд хүрчээ. Мөн тэрбээр, хөрөнгийнх нь хэмжээ буурсан цорын ганц уран бүтээлч болсон байна. 

Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтын эхний 10 байрт,

  1. Эндрю Ллойд-Уэббер - 820 сая фунт стерлинг
  2. Пол МаккартниНэнси Шивелл - 750 сая фунт стерлинг
  3. U2 - 583 сая фунт стерлинг
  4. Элтон Жон - 320 сая фунт стерлинг
  5. Мик Жаггер - 275 сая фунт стерлинг
  6. Кит Ричардс - 260 сая фунт стерлинг
  7. Оливия, Дани Харрисон - 250 сая фунт стерлинг
  8. Ринго Старр - 240 сая фунт стерлинг
  9. Майкл Флэтли - 204 сая фунт стерлинг
  10. Стинг - 200 сая фунт стерлингийн хөрөнгөтэйгээр тус тус жагсжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг