“Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь” бүтээл “Grand Bull Awards 2025”-д хүртээмжтэй боловсрол номинаци хүртлээ

Peak.mn
12 сарын 15, 2025

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 4 дэх удаагаа зохион байгуулж буй хөрөнгийн зах зээлийн нэр хүнд бүхий “Grand Bull Awards 2025”-ийн “Хүртээмжтэй боловсрол” номинацид “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь” бүтээл шалгарлаа.  

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Үнэт цаасны хорооны (одоогийн Санхүүгийн зохицуулах хороо) 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, ирээдүйн 100 жилд ашиглах хамтарсан бүтээлийг цахим, хэвлэмэл хэлбэрээр олон нийтэд хүргэсэн байдаг.  

Уг тайлбар толь бичгийг шинэчлэх ажлыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн “UFE Next 100” ажлын хэсэг болон Монголбанкны хамтарсан санаачилгаар эхлүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг нэр томьёог нэг мөр ойлгож, хэрэглэх боломжийг бүрдүүлэх, салбарын зохицуулалт, судалгаа, сургалтын үйл ажиллагаанд ойлголтын зөрүүг багасгах, иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон давуу тал бий болгох зорилготой байсан.  

Тайлбар толь бичгийг боловсруулахдаа олон улсын болон Монголын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй нэр томьёог түлхүү оруулж, хялбар ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээсэн нь санхүүгийн чиглэлээр суралцагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, санхүүгийн зах зээлийн оролцогчид төдийгүй энгийн иргэд ч мэргэжлийн нэр томьёог зөв ойлгох, олон улсын түвшний нэгдсэн ойлголтод хүрэх, мэдлэгээ тэлэхэд ихээхэн дэмжлэг болсон юм. 

Шинэчлэгдсэн толь бичигт нийт 11 бүлэг, 3650 гаруй нэр томьёо орсон бөгөөд гурван байгууллагын 37 эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн хамтран ажиллажээ. 

Тайлбар толийг боловсруулахад оролцсон зохиогчид, ажлын хэсгийн гишүүд, редакторууд, үнэтэй санал, хувь нэмрээ оруулсан Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, хамт олон, мөн анхны хувилбар болон бусад тайлбар толийн бүтээлд гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлье. 

Өнөөдрийг хүртэл тайлбар толь бичгийн цахим хувилбарт нийт 26,300 удаагийн хандалт хийгдсэн байна. 

Харин тайлбар толийн хэвлмэл хувилбарыг Улаанбаатар хотын 5 нийтийн номын сан, 21  их дээд, сургуулийн номын сан мөн 17 аймгийн  номын сангуудад тус тус байршуулж, Монгол улсын иргэн бүр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. 


Холбоотой сэдвүүд

шагнал grand bull awards 2025

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.