Хүчирхийллийн хохирогчдод туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг оролцогч талууд хамтран БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ боловсрууллаа

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг Монголд анх удаа 2017 онд Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулсан билээ. 

Энэхүү судалгааны онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг ашиглан, тусгайлан бэлтгэгдсэн судлаачид охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлох чанарын болон тоон мэдээллийг цуглуулсан юм.

Судалгааны үр дүнг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд өргөнөөр ашигласаар байгаа ба бодлого боловсруулахад ач холбогдол бүхий судалгаа гэж үнэлэгддэг. 

Тэгвэл НҮБ-ын Хүн амын сангийн техникийн дэмжлэгтэйгээр Үндэсний Статистикийн Хороо санаачлан тус судалгааны өгөгдөлд гүнзгийрүүлсэн дүн шинжилгээг нийгэм-экологийн загвартай уялдуулж, хүчирхийлэлд өртөх эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлоод байна.


Дүн шинжилгээний онцлох үр дүнгээс танилцуулбал:

Эмэгтэйчүүдийн шинж байдал:

Хүчирхийллийн бусад хэлбэрт өртсөн, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн, таагүй орчин нөхцөлд бэлгийн харилцаанд орсон, ээжийгээ цохиулахыг харсан зэрэг нь хамтрагчийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг ихэсгэж байна

Эхнэрээ зодохыг дэмждэг хандлага нь хамтрагчийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна

Гэр бүл, хөршүүдийн дэмжлэг зэрэг нийгмийн таатай харилцаа холбоо нь эмэгтэйчүүдийг хамтрагчийн хүчирхийллээс хамгаалж байгаа ч, хамтрагчийнхаа гэр бүлтэй хамт амьдрах нь хамтрагчийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна

Эрэгтэйчүүдийн шинж байдал:

Эдийн засгийн нөхцөл тааруу /боловсролгүй, ажилгүй/ байх нь хамтрагчийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг ихэсгэж байна

Эр хүн гэдгээ хортой байдлаар илэрхийлэх /хамтрагчийн зан үйл/ нь хамтрагчийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна

Ээжийгээ цохиулахыг харсан гэдэг нь хамтрагчийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Харилцааны хүчин зүйлс:

Нэгээс олон хүүхэдтэй байх, мөн эдийн засгийн нөхцөл тааруу байх нь хамтрагчийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.