Монголын Тогтвортой Санхүүгийн Форум нь “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” сэдвийн дор долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Форумыг  гурван салбар хуралдаантайгаар таван өдрийн хугацаанд зохион байгуулж байгаа юм. 

Эхнийх сэдэв нь "Жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар”  хуралдаан юм.

Энэхүү хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож, нээлтийн үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ: 

Жендэрийн тэгш оролцоог хангасан санхүүгийн тогтолцоо нь ТХЗ-ын бусад зорилгыг хангах гол түлхүүр болно. Төсвийн санхүүжилтийн хувьд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлалыг Монголын онцлогт нийцүүлэн хөгжүүлэх ажил урагштай явж байна.Төсвийн ерөнхийлөн захирагч нар эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг харгалзсан төсвийн төсөл боловсруулан хүргүүлэх талаар удирдамж чиглэл авч хэрэгжүүлж эхэлж байна. Энэ ажлын нөлөөгөөр жишээ нь цэцэрлэг сургууль, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирч, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй саад бэрхшээлүүд багасах, дундаж наслалтын зөрүү багасах зэрэг олон  сайн үр дүнгүүд гарах юм.  Мөн энэ хэрээр эдийн засгийн төрөлжилт сайжирч, төсвийн зарцуулалт илүү үр өгөөжтэй болох, төсвийн шинэтгэл түргэсэх гэх мэт олон сайн нөлөө гарахыг онцоллоо.