Дани улсын хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч Lego компани бүтээгдэхүүн дэх жендэрийн тэгш бус хандлагаа эргэн харж, залруулахаа мэдэгдлээ. 


Lego компани хүүхдүүдийн дунд судалгаа явуулж бүтээгдэхүүн нь охидын бүтээлч байдалд хүртээмжгүй, хүйсийн тэгш бус байдалд нөлөөлж буйг олж харжээ. 


Судлаачид долоон орны 7 мянга орчим хүүхэд, эцэг эхийг судалгаанд хамруулжээ. Үр дүнд нь эцэг эхчүүдийн 76 хувь нь хүүгээ, дөнгөж 24 хувь нь охиноо лего тоглоомоор тоглуулдаг гэж хариулсан байна. 


Түүнчлэн эцэг эхчүүд охидыг дэгжин хувцаслах, бүжиглэх, хоол, талх нарийн боов хийхийг хөвгүүдээс тав дахин илүү дэмждэг гэдгээ илэрхийлжээ. Харин хөвгүүдийг эвлүүлдэг тоглоом тоглох, спортоор хичээллэхийг охидоос дөрөв дахин илүү дэмждэг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. 


Лего группын маркетингийн ахлах Жулиа Голдмин энэ талаар “Тоглоомоор дамжуулан хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, харилцааны ур чадвартай болж хөгждөг. Харамсалтай нь бид үйл ажиллагаагаа эр хүйстэн рүү чиглүүлж, хэвшмэл ойлголтыг бий болгож байгаагаа олж мэдсэн” хэмээн ярьжээ.

Судалгааны өөр нэгэн хэсэгт эцэг эхчүүдийн дунд асуулга явуулжээ. Эцэг эхчүүдээс хэд хэдэн ажил, мэргэжлийн талаарх бодлыг нь лавлахад 89 хувь нь инженер мэргэжлийг эрэгтэй хүн л эзэмших ёстой хэмээн хариулсан аж. Түүнчлэн эрэгтэй хүн эрдэмтэн, тамирчин болох хэрэгтэй гэж үзэх магадлал эмэгтэй хүнээс даруй тав дахин их байжээ.

Guardian