Боловсрол судлалын доктор, сэтгэл зүйч Б.Номин зөвлөж байна

Эрэгтэй хүнийг тодорхойлдог уламжлалт хандлага нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгааг статистик тоо болон судлагааны үр дүн харуулдаг.

Учир нь сэтгэл гутралд өртөж байгаа эмэгтэй хүмүүсийн тоо нь эрэгтэй хүмүүсээс 50% илүү байдаг ч амиа хорлох үйлдэл хийж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 3 дахин их байгаа юм. Энэ харьцаа нь манай улсын хувьд ч мөн адил байна.

Судлаачдыг үзэж байгаагаар эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт их байгаа нь нийгэмд эрэгтэйлэг шинж чанарыг “дуугүй, гүндүүгүй, тэвчээртэй, олон таван үггүй” гэх мэтээр тодорхойлдогоос тэд сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг, бусдаас тусламж дэмжлэг цөөн авдаг. Ялангуяа “эрэгтэй хүн гэр бүлээ авч явах тэжээх, хамгаалах ёстой, эмэгтэй хүн үр хүүхдээ өсгөж гэрийн ажлыг хариуцах хэрэгтэй” гэх мэт хэт хатуу уламжлалт шаардлага, “эр хүн уйлдаггүй”,”асуудлаа өөрөө шийдэж чадахгүй бол арчаагүй сул дорой” гэх мэтээр тэдэнд алдаа гаргах, сэтгэл санаагаа илэрхийлэхийг хориглодог нийгмийн хандлага нь эрэгтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна.

Гэр орноо авч явах нь, хүүхдээ өсгөж гэрээ цэврлэх нь эрэгтэй эмэгтэй аль алинд нь хамаатай, ямар ч хүн алдаа гаргадаг, сул дорой байх муу зүйл огтхон ч биш гэдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлж, эрэгтэй хүмүүст эмэгтэй хүний адилаар сэтгэл санаагаа илэрхийлэх боломж олгож, уйлж чаддаг байх нь тамхи татах, архи уух, зодоон хийх, амиа хорлохоос хамаагүй хохирол багатай гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч сурталчлах нь цаашид эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, аз жаргалтай гэр бүлийн тоог нэмэгдүүлэх нь гарцаагүй.