Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 26, 2022
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал цогц хөтөлбөрийг БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд хийгдсэн ажлын нэг “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын цогц хөтөлбөр”-ийн менторуудын сэтгэгдлийг хүргэж байна.
Хөтөлбөрт эдгээр менторуудаас гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Х.Булгантуяа, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, УИХ-ын гишүүн асан, Митчелл сангийн тэргүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар ажилласан байна.
Л.Цогзолмаа: Манай эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах бүрэн чадвартай
/УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх/
Хөтөлбөрийн хугацаанд зургаан эмэгтэйг менторлож ажиллалаа. Бүсгүйчүүд маань өөрсдийн улс төрийн туршлагаа хуваалцахаас гадна хөтөлбөрт оролцогчдын бодит хэрэгцээг нь тодорхойлж өгөх, юунд анхаарах хэрэгтэй тал дээр зөвлөж, чиглүүлсэн. Зарим нь намын гишүүн, бие даан нэр дэвших сонирхолтой, нөгөө нь орон нутгийн ИТХ-д хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай эмэгтэйчүүд байлаа. Мөн улс төрд орох эсэхээ хараахан шийдээгүй, чухам аль шатны сонгуульд өрсөлдөх эсэх дээрээ зөвлөгөө хүссэн гээд өөр өөрсдийн онцгой түүхтэй, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүдтэй хамтарч хөтөлбөрөө амжилттай дуусгалаа.
Тэдэнд улс төрийн салбарт хөл тавих шийдвэрээ эцэслэн гаргахад нь нөлөөлж, аль түвшний сонгуульд оролцохыг чиглүүлсэн. Тухайлбал сумынхаа ИТХ-д хоёр ч удаа сонгогдсон ч дараагийн сонгуулиар сумдаа дахиж нэр дэвших эсэхдээ эргэлзэж буй бүсгүйд зөвлөсөн юм. Уг нь найман жилийн хугацаанд сумын ИТХ-д ажиллана гэдэг хангалттай туршлага хуримтлуулсан гэсэн үг шүү дээ. Тиймээс цаашид аймгийн ИТХ-д өрсөлдөх бүрэн боломж харагдаж байсан.
Цаашид шийдвэр гаргах түвшинд ажиллах тал дээр зөвлөсний үндсэн дээр ментий маань ирэх сонгуулиар аймгийнхаа ИТХ-д өрсөлдөх шийдвэр гаргасан. Мөн бас нэг ментийдээ сонгуульд бие даан нэр дэвшихэд юунд анхаарах, аль шатны сонгуульд оролцох, ирэх сонгуулиас өмнө сонгогчдодоо хэрхэн танигдах тал дээр зөвлөгөө өглөө.
Улс төрд карьераа эхлүүлж буй эдгээр эмэгтэйчүүдэд нэгэнт шийдсэн бол бүү ухраарай гэж хэлмээр байна. Иргэд, олон нийт, эрэгтэйчүүдийн зүгээс шүүмжилж л байдаг юм, аль ч цаг үед байсан л асуудал.
Ямар асуудлыг ямар үе шатанд хэрхэн шийдэх боломжтой вэ гэдэг гарц гаргалгааг мэддэг байх нь чухал. Ард иргэд маш их мэдээлэл дунд хэрсүү болсон энэ үед улс төрд орж байгаа хүмүүсийн чанар чансаа сайжрах ёстой.
Ч.Сосормаа: Карьераа зоригтой эхлүүлээрэй
/Захиргааны шинэ санаачлага ТББ-ын тэргүүн/
Жил ирэх тусам улс төрийн орчин эмэгтэйчүүдэд ээлтэй болж өөрчлөгдөж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөл шинэчлэгдэж байгаа нь сайн хэрэг.
Хуульд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг заасан. Энэхүү санхүүжилтийн тусламжтайгаар эмэгтэйчүүдийг чадавхжуулах үүргийг нам хүлээнэ. УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг хамгийн багадаа 40 хувь байлгахаар ярилцаж байна.Энэ мэт олон шинэ боломжууд нээгдсээр байна.
Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань улс төрд хүч үзэх зоригтой байж, гар гараасаа атгалцаад өөртөө итгэлтэйгээр карьераа эхлүүлэх нь чухал. Улс төрчийн хамгийн том хүч нь иргэдийн дэмжлэг байдаг. Энэ дэмжлэгийг авсан хүмүүс мөнгөнд ялагддаггүй юм шүү.
Орон нутгийн түвшинд 5 ментийтэй ажилласан. Өөрсдийн сонирхсон зүйлийг лавлаж асууж тодорхой хэмээний дадлагатай болсон гэж бодож байна.
Т.Доржханд: Хөтөлбөрийн туршид эмэгтэйчүүддээ мэдлэг олгох хэд хэдэн ажил хийлгэж, гэрийн даалгавар өгсөн
/УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга/
Нам намын төлөөлөл болсон бүсгүйчүүдтэй туршлагаа солилцсон сонирхолтой менторшип хөтөлбөр өрнүүллээ.
Эмэгтэйчүүдийг улс төрд татаж оруулах амаргүй даваа. Энэ сонголтыг хийж, оролцож буй эмэгтэйчүүдэд талархал илэрхийлмээр байна.
Энэхүү хөтөлбөрт ментороор ажилласнаар эмэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудлыг таньж мэдлээ. Эмэгтэйчүүдэд олон зүйл дээр урам зориг өгөх хэрэгтэй юм байна. Оролцогч маань эмэгтэйчүүд улс төрд ахиж дэвших боломж байгаа эсэх дээр нэлээд лавлаж асуусан. Бас нэг хэсэг нь хүлээн зөвшөөрүүлэх дараагийн нүүдлээ бодож тооцоолоод эхэлсэн нь урам өглөө.
Улс төрийн бодлого шийдвэр гаргахад жендэрийн тэгш байдлыг хангах, аль болох олон эмэгтэйчүүдийг хамруулах нь чухал.
Улс төрд оролцоогоо нэмэгдүүлэх гэж байгаа эмэгтэйчүүдэд дараах хоёр зүйлийг л захья.
Нэгдүгээрт, тууштай байх хэрэгтэй. Улс төр бол урт хугацаанд, тууштай хийдэг ажил. Улс төрчийн капитал нэр хүнд нэг өглөө бий болдог зүйл биш гэдгийг үргэлж санаж яв.
Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд оролц, шүүмжлүүлэх зоригтой бай. Нийгмийн ямарваа нэг дарамт шахалтаас айж эмээх хэрэггүй. Үүнийгээ анхнаасаа гэр бүлийнхэндээ ч ойлгуулж хэлэх хэрэгтэй.
Өнөөгийн парламентэд гэхэд 13 эмэгтэй гишүүн байна. Эмэгтэйчүүд л бүх хүнтэй тэгш, тогтвортой харьцаж чадаж байна. Асуудалд бодитоор хандаж, “попрохгүй” шийдэл дэвшүүлж чадаж байна гэж хардаг.
Тиймээс улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй. Юун түрүүнд эмэгтэйчүүд маань өөрсдөө “Улс төр муу муухай зүйл” гэсэн ойлголт, саадыг давах хэрэгтэй. Намайг улс төрд орох үед миний ментор “Улс төрийг жорлон гэж бодъё. Муухай үнэртэй юм бэ гээд хамраа чимхээд явахын оронд бээлийгээ өмсөөд жорлонгоо угаах нь чухал” гэж хэлж байсан юм. Эмэгтэйчүүдэд хандаж энэ үгийг хэлье.
Ё.Цацралтуяа: Нэгэнт шийдвэр гаргах түвшинд ажиллахыг зорьсон л бол хэзээ ч битгий шантраарай
/АН-ын ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/
Бүсгүйчүүд улс төрд орох, сонгуульд нэр дэвшүүлэхэд тулгардаг асуудал нь нам харгалзахгүй ижилхэн байдаг. Эмэгтэйчүүд тул гэр бүлийн асуудлаас гадна санхүүгийн асуудал гээд тулгамддаг асуудал цөөнгүй. Энэ тал дээр бүсгүйчүүд маань нэлээд сонирхож байлаа. Миний ментийнүүд дотор намын үүрийн дарга, эмэгтэйчүүдийн ахлагч, ХЗХ-ны дарга гээд залуу бүсгүйчүүд олон байгаад олзуурхсан. Манайд эмэгтэйчүүд улс төр сонирхож, оролцох гэхээр янз бүрээр ойлгодог, үл ойшоосон хандлага ч гаргадаг тал бий. Жишээ нь нэг оролцогчийг маань “Цүнх баригч болох гэж байгаа юм уу”, “Мөнгөтэй хүний ажил биз дээ” гэж асуусан байгаа юм. Ялангуяа залуу хүнийг улс төрд орох гэхээр иймэрхүү байдлаар хардаг тал байна. Үнэндээ бидэнд боломж бий.
Миний хувьд хүний хань, дөрвөн ч хүүхдийн ээж хүн. Улс төрд орох мөнгө хөрөнгөтэй ч байгаагүй. Нөхөр маань багш мэргэжилтэй. Гэсэн хэдий ч дүүрэг, нийслэлийн түвшинд шийдвэр гаргагчаар ажилласан. Энэ туршлагаа эмэгтэйчүүддээ хуваалцлаа. Эмэгтэйчүүд маань санхүүгийн боломж тааруу гэх мэт шалтгаанаар хойш суух биш эхнээс нь үр дүнд хүртлээ хичээх нь чухал.
Бүсгүйчүүддээ нэгэнт шийдвэр гаргах түвшинд ажиллахыг зорьсон л бол хэзээ ч битгий шантраарай гэж зөвлөе.
Шантралгүй, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд гэр бүл, хайртай дотны хүмүүс нь ойлгож дэмждэг байгаасай гэж хүсэж байна.
Д.Гантулга: Эмэгтэй хүн улс төрийг сонгох замдаа л яаж “хавчигддаг” вэ гэдгийг ойлгож мэдэрсэн
/НИТХ-ын төлөөлөгч/
Энэ хөтөлбөрт эмэгтэйчүүд нам харьяалалгүйгээр нэгдэж, нэгнээсээ суралцаж чадаж байгааг хараад бахархах сэтгэл төрлөө. Тэд улс орны хөгжилд эмэгтэйчүүд ямар хувь нэмэр оруулах вэ, яагаад эмэгтэйчүүдийн оролцоо чухал вэ гэдэг дээр нэгдэж чаджээ. Хэрвээ бид ашиг сонирхол, талцалгүйгээр нэгдэж чадвал маш олон шийдэлд хүрч чадна. Хөтөлбөр яг ийм байдлаар зохион байгуулагдаж байгаад баяртай байна.
Миний хувьд хөтөлбөрт оролцож байгаа эмэгтэйчүүдэд монголчуудын зовлон ганц намаас хамаардаггүй шүү, бид нэг зовлонтой, нэг асуудалтай юм шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон. Асуудлаа шийдэхийн тулд сонгуульд өрсөлдөх нь зүйн хэрэг. Гэхдээ бусад нөхцөлд бүгдээрээ нэг нэгнээ ойлгож, хамтдаа урагшлах нь илүү чухал. Зөвлөж чиглүүлж байсан бүсгүйчүүдээс бас нэг анзаарсан зүйлээ заавал хэлэх ёстой. Ер нь эрэгтэйчүүд бид эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ойлгож байна уу гэдгийг бодож үзэх ёстой юм байна.
Жишээ нь ажлын бус цагаар амралтын өдрүүдээр намын үйл ажиллагаа их явагддаг шүү дээ. Үүнээс эхлээд асуудал нэлээд гардаг гэдгийг ойлгож, зохицуулалт хийх ёстой гэдгийг анзаарлаа. Өмнө нь төдийлөн анзаарч байгаагүй эмэгтэй хүн улс төрийг сонгох замдаа л хэрхэн яаж “хавчигддаг” вэ гэдгийг ойлгож авлаа.
Эдгээр бүсгүйчүүдийн дунд улс төрчийн хувьд надаас илүү туршлагатай хүн олон байсан учраас аль аль талдаа өгөөжтэй харилцан мэдээлэлтэй хөтөлбөр болсон гэдгийг онцлон хэлье.
Улс төр бол хатуу тоглоом, маш их золиостой. Гэвч эмэгтэйчүүд орж ирж байж бид нийгэмд байгаа олон асуудлын ард гарахаас өөр арга байхгүй. Тийм учраас нэгэнт энэ салбарт орохоор шийдсэн бол зоригтой байгаарай гэж захих байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.