Канадын Засгийн газрын дэмжлэгээр, НҮБХХ, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад, мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-аас “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын багц хөтөлбөр”-ийг боловсруулан туршиж, төрийн албаны салбар зөвлөлүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэхүү хөтөлбөр 2020-2021 онд 4 удаагийн элсэлтээр нийт 126 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг сургаж, амжилттай төгсгөжээ.  

Төрийн албанд жендерийн тэгш байдлыг хангах, удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын карьер хөгжлийг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөр нь бусад манлайллын хөтөлбөрүүдээс ялгаатай нь зөвхөн манлайллын сургалтаар хязгаарлагдахгүй бөгөөд “Менторшип” хөтөлбөрт 3 сарын турш хамруулж, мэдлэг туршлагатай, амжилттай яваа төр, нийгмийн манлайлагчид, шинэ үеийн лидерүүдээс суралцах боломжоор хангаж, Коучингийн арга техникт сургаж байгаагаараа онцлогтой юм.    

Өөрийн карьерийг ахиулах, байнга суралцах, хөгжих зорилготой, ахлах түшмэл, эрхэлсэн түшмэл, тэргүүн түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаа, дараагийн шатны албан тушаалд дэвшин ажиллах болзол шаардлагыг хангасан эмэгтэйчүүдийг Төрийн албаны зөвлөл, төслийн баг сонгон шалгаруулж, оролцуулдаг юм. 

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2022 оны 3 дахь удаагийн элсэлт буюу тус 3 сар үргэлжлэх “Менторшип хөтөлбөрт” Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр ментороор ажиллахаар боллоо. 

Тус “Менторшип хөтөлбөрт” нь Манлайллын сургалт, Коучинг хөтөлбөр, Менторшип хөтөлбөр гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй ба 3 сарын туршид төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд чиглэсэн практикт суурилж хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа юм.