Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөж, галдан шатаасан этгээдийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Боржигон овогт Даваагийн Батхуяг, Боржигон овогт Отгондагвадоржийн Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тус тус тогтоожээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх, мөн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр болжээ.

Нэр бүхий 11 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар  шийдвэрлэсэн байна.  

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд БЗД-т байрлах "Саруул" хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олдсон байдаг.  Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд 13 хохирогчтой юм.

Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг нь 21 настай найз О.Энхбаярын хамт эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.

Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.