Эх оронч үзэл нутгийн чулуунаас, үндсэрхэг үзлээс эсвэл монгол дээл гоёл өмсөхөөс эхлэх үү. Хүн болгонд л өөр өөрийн хариулт бий. Хийсвэр ойлголт учраас энэ ойлголтыг барин тавин шууд тодорхойлоход бэрх ч илэрхийлэх үй түмэн үйлдэл бий гэж хардаг. Тухайлбал Монгол хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас, ядаж л хогоо хаа сайгүй хаяхгүй явахаас оронч үзэл бүрэлддэг гэж би боддог. Цар тахлын үед амны хаалтаа зүүж иргэн бүр нь үүргээ биелүүлж Монгол улс минь дэлхийд гайхагдаж чадсан нь бас л эх оронч үзлийн хэсэг билээ. Өнөөдрийн хувьд сонгууль өгч, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхээс эх оронч үзэл эхэлнэ гэж хариулна. Өнөөдөр өглөө сонгуульд саналаа өгөөд гарахад сонгуулиа өгөхөөр ирсэн хүмүүсийн ихэнх нь залуус байлаа. Хорооны ажилтнууд анх удаа өглөө 7-8 цагт залуус саналаа өгөхийг харлаа гэхийг сонсох бас урамтай. Урамших шалтгаан бий.

Өнгөрсөн сонгууль дахь залуусын оролцооны статистик тоо гонсойлгож орхисон удаатай. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор сонгууль өгөх эрхтэй 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байв. Гэвч энэ насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу гарсан юм. Энэ насны бүлгийн 2 хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй гэсэн үг.   

Энэ жилийн хувьд мөн л өмнөхтэй ойролцоо залуус саналаа өгөх нь. Мөн 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үндсэн хуульт Монгол Улс түүхэндээ хамгийн олон нэр дэвшигч бүртгэсэн нь тохиолдол энэ биз ээ. Сонгуулиас залхлаа, ямар ч олон хүн нэр дэвшдэг юм гэх эсвэл тэр нэр дэвшигч тийм ийм түүхтэй сайн эсвэл муу хүн гэж цуурцгаах нь өнөөдрийн нийгмийн амьдралын л нэг хэсэг, ардчилсан орны иргэний хувьд дуугарч чадаж байгаагийн баталгаа юм.

Хэдий бид өнөөдөр хүнээ гэсэн төгс нийгмийн бүтээгээгүй ч бүтээхийн төлөө эрмэлзэж яваа бүрэн эрх чөлөөтэй ард түмэн гэдгийг хаана ч хэлнэ. Тэрхүү хүсэж мөрөөдөж яваа нийгмээ бүтээхэд хүн болгоны хандлаг тус бүр нь тодорхой үүрэг хүлээх, үүргээ биелүүлэх л чухал. Үүнийг ч Үндсэн хуулинд тусгасан байдаг. Английн Ерөнхий сайд Черчилль 75 насныхаа ойгоор “Би 25 нас хүртлээ эрх чөлөө гэдгийг эрхэмлэж явлаа. Дараагийн 25 жил нь дэг журам гэдгийг эрхэмлэлээ. Сүүлийн 25 жил нь дэг журам бол эрх чөлөө гэдгийг би мэдэрлээ” гэж хэлсэн байдаг. Дэг журам гэдэг, эрх үүрэг гэдэг бол зоосны хоёр тал гэдгийг хэлээд байгаа биз.  Ардчилсан үндсэн хуультай төрт улсын иргэд бидний өгсөн санал чинь энэ улсын ирээдүйг шийдэх учиртай. Тэрхүү санал миний чиний, бид бүгдийн маргаашийг бас тодорхойлох шийдэл билээ. 

Залуусаа эх оронч гэдгээ батлаж, саналаа өгөхийг уриалж байна. Өнөөдрийг өөрчлөхгүйгээр өөрийн оролцоогүйгээр ирээдүйг өөрчлөхгүй гэдэг дээ.