УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууцны хүртээмжийг сайжруулах тухай тогтоолын хэрэгжилтийн талаар БХБЯ болон НЗДТГ-ын холбогдох албаныхны мэдээллийг сонслоо.

БХБ-ын сайд 2018 оны 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцууллаа.

Тэрбээр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын “Эксим” банкны 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зарцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ оны 3 дугаар сараас БНСУ-ын “Эксим” банкны ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, “Буянт-Ухаа II”, “Буянт-Ухаа III”, “Эко яармаг-1” зэрэг 8900 гаруй айлын орон сууцын төслийг танилцуулсан. Одоогоор тус банкнаас эцсийн шийдвэр ирээгүй байна” гэлээ.