Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм. Метр квадратын өртөгийг нь 1,3 сая орчим байхаар төлөвлөжээ. Харин орон сууцыг ашиглалтад орсны дараа түрээс хэлбэрээр иргэдэд олгох эсэх асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх юм. 

Ипотекийн журам батлагдсанаар арилжааны банкуудтай Монголбанк гэрээ байгуулна. Тиймээс арилжааны банкууд энэ журамд захирагдана. Өмнө нь ипотекийн санхүүжилт олгож буй банкууд энэ журамд захирагддаггүй байсан. Одоо хэрэв журам зөрчвөл тухайн арилжааны банктай хариуцлага тооцно. Иргэн орон сууцаа  болон банкаа сонгох эрх нь нээлттэй байгаа аж.

Одоогийн байдлаар түрээсийн  орон сууцанд хамрагдах хүсэлтэй 40 гаруй мянган иргэн байгаа гэв. Харин ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 34 мянган иргэн байгаа юм. Гэвч ОУВС-тай хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй аж.

“Буянт Ухаа 2” хорооллын ашиглалтад оруулах гэж буй 972 айлын орон сууцанд иргэдийг түрээсээр суулгахдаа өмнөх шиг сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорац”-ын захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад, “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно гэсэн хариуг өгөөд байна.