Индонезид авлига гэдэг хошигнол биш. Дөнгөж хорин настай тэдний ардчилал нь авлигын эсрэг байгууллагыг Төлөөлөгчдийн танхимаас хараат бус ажиллахаар зохицуулж чадсан. Төлөөлөгчдийн танхимын олон гишүүд авлигын гэмт хэргийг таслан зогсоохгүйн тулд Авлигатай тэмцэх газар (KPK) -ын хүч чадлыг сулруулах оролдлого эрчимтэй хийсээр ирсэн. Харин энэ сард дэлхийд хүн амын тоогоороо дөрөвт жагсдаг тус улсад KPK, eLearning болон шударга ёс нэгдэж чаджээ.

Энэ сарын эхээр KPK нь Индонезийн Авлигын эсрэг төрийн бус байгууллагатай хамтран дэлхий нийтийн хэмжээнд нэгэнт алдартай болсон eLearning платформыг  ашиглан олон нийтэд боловсрол олгохоор боллоо. Тэдний цахим орчинд байрлуулсан үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй “Авлигын эсрэг академи” нь олон нийтэд авлигын хэргийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд нь туслах юм.

“Бид энэхүү цахим платформыг улс орон даяар олон хүнд авлигын эсрэг боловсролыг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор бүтээсэн. Учир нь бүс нутаг бүрт нүүр тулсан сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулах нь зардал ихтэй” гэж   Авлигын эсрэг төрийн бус байгууллагын зохицуулагч Аднан Топан Хусодо Жакарта Пост сонинд хэлжээ.  

Одоогоор “Өсвөр насныханд зориулсан авлигын тухай танилцуулга”, “Авлига ба Ядуурал” зэрэг 6 курсыг нийтэлсэн бөгөөд илүү олон хичээлүүд бэлтгэгдэж байгаа ажээ.  Хичээлүүдийг хөрөнгө мөрдөн шалгах шүүхийн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн Паку Утама зэрэг олон их сургуулийн профессорууд удирдан явуулж байна. Тус улсад авлигын эсрэг тэмцэл үр дүнгээ өгч байна гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн долоо хоногт KPK өөрийн түүхэн дэх хамгийн жигшмээр этгээд болох Төлөөлөгчдийн танхимын дарга Сетяа Новантог авлигын хэргээр яллаж чадсан юм.

KPK-ийн хуульчид  Новантог иргэний үнэмлэхний залилангаас 170 сая ам доллар завшсаныг нь шүүхийн өмнө баталж чадсан байна. Нованто 15 жилийн хорих ял сонсжээ. Тус улс дахь авлигын эсрэг тэмцлийн хувьд энэ бол онцгойлон тэмдэглүүштэй хэрэг мөн. Энэхүү хэрэг шийдвэрлэлт нь Индонезийн Авлигатай тэмцэх газрын хүч чадал, үнэнч шударга, хичээл зүтгэлийн илрэл мөн хэмээн олон нийт үзэж байна.


Эх сурвалж: https://www.iaac.mn/