Бидний хайрт аав, халамжит хань, хайртай дүү, өмөг түшиг болсон ах Б.Нацагдорж 2022 оны долдугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Нацагдорж нь 1963 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн В.Бүнчингийн отгон хүү болон хорвоод мэндэлсэн юм.

Улмаар 1981 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1986 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг, 1994 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. 

Тэрбээр сэтгүүлчийн ажил хөдөлмөрийн гараагаа 1986 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонинд хянагчаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар 1987-1990 онд тус сонины сурвалжлагч, 1990-1996 онд Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагч, албаны дарга, 1996-1999 онд Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулалцаж, сурвалжлагч, тоймчоор ажилласан байна. Б.Нацагдорж 1999-2009 онд улс төрийн мэдээллийн “Парламент”, өдөр тутмын “Үнэн” сонин, “Улаанбаатар таймс” сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, 2009-2012 онд “Өнөөдөр” сонинд албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Б.Нацагдоржийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” цол тэмдэг, бусад шагналаар шагнажээ.

Б.Нацагдорж нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сэтгүүлч, авьяаслаг редактор, бусдад үлгэр дуурайл болсон чадварлаг удирдагч байлаа.

Талийгаачийн хүнлэг зөөлөн сэтгэл, ажилч хичээнгүй зан, уул шиг нөмөр нөөлөг бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Улаанбаатар таймс сонины хамт олон