Peak.mn
10 сарын 09, 2026
Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын анхны дарга Гомбын Зоригт 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, санхүү, хяналтын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гомбын Зоригт нь 1964 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, бага насаа аав, ээжийн хайр халамжид өсөж, торнин өнгөрүүлсэн.
Тэрээр 1982 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуулийг, 1984 онд Санхүү, эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1993 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн.
Дундговь аймагт 1984–1986 онд хуучнаар аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, хянан шалгагч, 1993–1997 онд Монголбанкны Дундговь аймаг дахь салбарт нягтлан бодогч, хянан шалгагч, эдийн засагч, 1997–1998 онд Монголбанкны Дундговь аймаг дахь салбарын дарга, 1998–2005 онд тус салбарын ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллажээ.
2006 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогч дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны яамны харьяа Ойн газрын Төлөвлөлт, санхүүгийн албаны дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байв.
2014 онд Санхүүгийн хяналт, аудитын алба үүсэн байгуулагдахад анхны даргаар томилогдон ажиллаж, байгууллагынхаа суурийг тавилцан, санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр 2024 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд төрийн албанд тасралтгүй 36 жил ажилласан ахмад ажилтан байлаа.
Г.Зоригтын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Монголбанкны хүндэт жуух”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, “Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль”, “Сайнцагаан сумын 90, 100 жилийн ойн хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон” зэрэг төрийн болон салбарын шагналаар шагнажээ. Мөн төрийн захиргааны ахлах түшмэлийн гутгаар зэрэгтэй байв.
Гомбын Зоригт нь улс орны санхүү, эдийн засгийн хөгжил, санхүүгийн хяналт, дотоод аудитын салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүн байлаа.
Түүний шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч хандлага, эелдэг даруу, ажилсаг, нөхөрсөг, хүнлэг зан чанар, хамт олноо гэсэн сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үргэлж дурсагдан үлдэх болно.
Түүний эхлүүлсэн ажил үйлс, бүтээсэн гавьяа зүтгэл, санхүүгийн хяналт, дотоод аудитын салбарт оруулсан хувь нэмэр нь үе үеийн ажилтнуудын дурсамжид мөнхөд хадгалагдан үлдэж, гэгээн дурсгал нь үргэлжид гэрэлтэх болтугай.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан нийт хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.