Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн сарын 23-наас эхлэн үргэлжилж байна. Эхний ээлжид тодорхой зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 126.449 хүн вакцин хийлгэсэн нь тус зорилтот бүлгийн 6 хувь аж.

Вакцины сонголтын талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Монгол Улсын Засгийн газрын зүгээс коронавирусийн эсрэг 4 төрлийн вакциныг оруулж ирж, хүн амаа дархлаажуулах нь зүйтэй гэж үзсэн. Иргэд лангуунаас бараа сонгож буй юм шиг тус 4 төрлийн вакцинаас өөрөө сонгож тариулна гэж ойлгоод байна. Тэгэхгүй. Одоогоор манай улсад АстраЗенека, Синофарм, Спутник V гэсэн 3 төрлийн вакцин орж ирсэн. Prizer нь ирээгүй, авахаар яриа хэлэлцээрүүд хийж байгаа. Спутник V вакциныг их хэмжээгээр авахаар Засгийн газрын түвшинд мөн хэлэлцэж байна, хараахан оруулж ирээгүй. 

Харин хувийн хэвшлүүд 10.000 тун Спутник V вакцин оруулж ирээд тодорхой зохион байгуулалттайгаар зарцуулж байна. Засгийн газрын зүгээс АстраЗенека, Синофарм гэсэн 2 төрлийн вакциныг иргэддээ хийж байна.

Вакциныг иргэд өөрсдөө сонгож хийлгэхгүй, харин эрүүл мэндийн байгууллага тухайн хүний нас, хүйс, биеийн онцлог, ерөнхий биеийн байдал, харшил, урвал зэргээс нь шалтгаалан тохирохыг нь сонгож хийнэ. Тухайн хүний биеийн болон насны онцлогт нэг вакцин нь таардаг байхад нөгөө нь тохирохгүй байдаг. Үүнийг харгалзан зохицуулж, иргэдийг вакцинжуулна. 

Өөрөөр хэлбэл, эмч тухайн иргэнийг үзээд таны биед энэ вакцин зохицно гэж үзсэнээ тарина. Би хүссэн вакцинаа хийлгэх гэтэл миний биед зохицохгүй байх магадлалтай учраас 4 төрлийн вакциныг оруулж ирэхээр шийдвэрлэсэн" хэмээлээ.