ВАШИНГТОН. /CNN/. Эверест уул хамгийн аюултай газруудын нэг байсаар ирсэн боловч олон хүн амиа алдсан явдал ихэвчлэн нэгэн зэрэг тохиолдож байжээ. Жишээ дурдвал, 2014 онд нурангины улмаас 12 хөтөч амиа алдаж байсан бол 2015 онд хүчтэй газар хөдөлснөөс үүдэлтэй нурангиудын улмаас 19 хүн амиа алдаж байв. 

Харин энэ жил Эверест ууланд 11 хүн амиа алдсан хэдий ч тэд нэг дор бус янз бүрийн хүчин зүйлийн улмаас нас барсан байна. Үүнд оргилд гарах чиглэлийн аюултай хэсгүүдэд урт дараалал үүссэн нь ихээхэн нөлөө үзүүлсний зэрэгцээ цаг агаарын хүнд нөхцөл, туршлага дутмаг байдал хийгэд арилжааны аяллуудын тоо нэмэгдэх болсон нь олон хүн нас барахад хүргэжээ. 

Тавдугаар сарын 20-ноос оргилд хүрэх уулчдын урт дараалал үүссэн бөгөөд хүчилтөрөгч сийрэг байдаг “үхлийн бүс”-эд /ихэнх хүн цөөхөн минутыг өнгөрүүлж чаддаг/ удаан хугацааг өнгөрөөх шаардлага үүссэн байна. 

Эверестийн оргилд дөрвөн удаа гарсан Алан Арнеттийн хэлснээр, Балба улс энэ онд гадаадын иргэдэд урьд байгаагүй олон тооны зөвшөөрөл олгосон аж. Түүнчлэн хүн болгон уулын хөтөчтэй байх шаардлагатай тул Балбын талаас 800 орчим хүн оргилд гарахыг зорьж байгаа ажээ. Үүний зэрэгцээ цаг агаарын таагүй байдлын улмаас оргилд гарахад тохиромжтой тавхан өдрийг уулчдад олгосон нь маш олон хүн нэгэн зэрэг авирахад хүргэжээ. 

Балбын Аялал жуулчлалын газрын дарга Дандураж Гимирийн мэдээлснээр, таагүй цаг агаар хэд хоногийн турш үргэлжилсний дараа тавдугаар сарын 22-нд цаг агаар тогтворжиж, 200 гаруй уулчин Эверест рүү авирсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн олонх нь хүчинтөрөгч сийрэг болсноос үүдэлтэй амьсгалын дутагдлын улмаас нас барсан ажээ. Мөн Балба улс энэ онд 381 уулчинд Эверестэд авирах зөвшөөрөл олгосон нь 2017 оны үеийнхээс дөнгөж 9-өөр илүү байжээ. 

"Оргилд гарах урт дараалал нь олон хүн амь насаа алдах нөхцөлийг үүсгэж байна" гэж Эверестийн дөрөвдүгээр кемпээс буцан ирсэн Энэтхэгийн уулчин Ризза Алее “Reuters” агентлагт  мэдээлсэн байна. 

"Эверестэд авирсан уулчид амиа алдахад хүргэсэн томоохон шалтгаануудын нэг нь уулчид туршлага дутмаг байгаатай холбоотой бөгөөд Балбын засаг захиргаа оргилд гарах зөвшөөрлийг олгохдоо тухайн хүний ууланд авирч байсан туршлагыг авч үздэггүй. Эверест бол “хамгийн хүнд сорилт” гэж уулын хөтөч Адриан Баллингер хэлсэн байна. Балбын Аялал жуулчлалын газрын дарга энэ талаар хэлэхдээ, цаашид зохих өөрчлөлтийг хийх болно гэжээ. 

Эверестийн оргилоос амиа алдсан тохиолдол хамгийн анх 1922 онд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үеэс хойш 200 гаруй уулчин амиа алджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг