Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн баяр өнөөдөр болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын тус ойн мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Энэ он жилүүд бол эсгий гэр, нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа.

2. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. 

3. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна.

4. Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай.

5. УИХ энэ намрын чуулганаараа шинэчлэн батлах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийг бие даасан төсөв, газрын бирж, өөрийгөө хөгжүүлэх сантай, олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв болгох эрх зүйн үндсийг тогтооно. Түүнчлэн үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно.

6. Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг УИХ ямагт дэмжих болно.