АНУ-ын Энхтайваны корпус Монгол Улс дах өөрийн сайн дурын ажилтнуудаа татаж эхэлсэн тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй. Гэсэн хэдий ч Монгол Улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн Expats in Mongolia фейсбүүк группт тавьсан мэдээллийг хэдэн сайн дурын ажилтнууд баталсан байна. 

Манай улсад Энхтайваны корпусын сайн дурын 94 ажилтан ажилладаг бөгөөд тэдний ихэнх нь боловсролын салбарт ажилладаг. АНУ-ын Missoulian сайтад гарсан мэдээллээр эдгээр сайн дурын ажилтнуудын ар гэрийнхэн санаа зовниж, одоогоор хил гаалиа хаагаагүй байгаа үед сайн дурын ажилтнуудыг яаралтай эх орондоо ирүүлэхийг хүсэж Энхтайваны корпусын төвд хандаж байгаа аж.