/Нэг дэх дугаар/

НЭГ ИХ НАЯД  төгрөгийн орлоготой үндэсний анхны компанийн аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг та энэ асуултад хариу өгөөч.  

        “ЭТТ” КОМПАНИЙН НҮҮРСНИЙ ОВООЛГО ЦАГААН ОВОО БАГИЙН ТӨВД 800 М ОЙРТЖЭЭ

Амьдарч байгаа нутаг нь, өмчилсөн газар нь линцензээр бусдад олгогдсоныг эзэд нь бүхэл бүтэн дөрвөн жилийн дараа дэргэд нь тэсэлгээ хийж, хөрс шороог нь хуулж эхлэх үед л мэдсэн гэдэг. Энэ үед буюу 2010 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо баг 130 гаруй өрхтэй, сургууль, цэцэрлэг, орон сууц, банк, үйлчилгээний төвүүдтэй сумын дайтай байв. Анх 1991 онд Таван толгой тосгоныг түшиглэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр Цагаан Овоо багийг байгуулахад энд сууршигсад нь хожим амь нас, эрүүл мэндээрээ тоглуулна чинээ яаж төсөөлөх билээ.  

Өнөөдөр энэ багийн хүн ам нь өссөөр, бас дайжиж нүүсээр 1000-аад иргэн багийн төв, түүний ойролцоо амьдарч байна. Тэдний 150 шахам нь хүүхэд. Гэвч газар нутгийг нь лицензээр авч ашиглаж буй төрийн мэдлийн ”Эрдэнэс-Тавантолгой” компани тэднийг хөрсний тэсэлгээ, нүүрсний тээвэр, хаягдлын овоолго, тоос түйрэн дундаа амьдруулсаар 10 дахь жилээ үдэх гэж байна. 

Тэдний нүүрсний хаягдлын овоолго Цагаан Овоо багийн төвд улам ойртсоор 1 км хүрэхгүй зайд, ачаа тээврийн зогсоол нь 500 метрийн зайд тулж ирлээ. Уурхайн удирдлагууд 60 дахь сая тн нүүрсээ олборлолоо хэмээн хундага тулгаж суух цагт Цагаан Овоо багийн төвийнхөн  60 сая тн нүүрсний тоос тоосонцроор амьсгалж, угаар үнэртэн, дуун чимээнд нь дөжирөхдөө яахаа мэдэхгүй хоолой зангируулан гашуудаж байв. 


        ЦАГААН ОВООЧУУД  “ЭТТ”-Д ГОМДОХЫН УЧИР



Цагаан овоо багийн иргэн А.АЛТАНГЭРЭЛ: Ачаалал ихтэй үед Цагаан Овоо багийн төвд тоос тортоггүй газар гэж байхгүй. Хүүхдүүдээ ганц хоёр цаг тоосноос холдуулъя гэхээр хойд хөндий УБ руу нүүрс зөөж байгаа машины тоосоор дүүрчихнэ. Урагшаа явъя гэхээр Таван толгойн уурхайн машин тэрэгний тоос шороо, хөл хөдөлгөөн гээд бид цэвэр агаар салхинд гарах ямар ч нөхцөлгүй болсон. Уурхайн ачаалал ихэссэн үед багийн төвийн урд 10 хэдэн км урт дараалал үүсдэг. Нүүрс ачиж буулгаж, зөөхөд айхтар дуу чимээ гарна. Шөнө, үүрээр хүүхэд багачууд бүгд сэрчихдэг. Эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа болохоор сэтгэл санаа их зовдог. Хэцүү байна. Хашаа байшингаа бариад олон жил амьдраад төвхнөчихсөн, дээр нь ажил алба нь энд байдаг айлууд нүүж чадахгүй, хүнд  байгаа.  

Цагаан Овоо багийн иргэн, ахмад настан Б.ЭНХБАЯР: 1970 оноос хойш эхнэр хүүхдүүдтэй энд амьдарч байна. Би тоосжилтоос шалтгаалсан мэргэжлийн өвчнөөр "группэд" орсон. Өөрийгөө тоосноос болж уушгины хавдраар өвчилсөн гэж бодож суугаа. Залуу насандаа эм тариа гэж явдаггүй байсан, харин сүүлийн 5 жилд эмнэлгээс салсангүй. Уушги, зүрхний өвчлөл хүндэрсэн учраас байнга эмнэлгийн хяналтад байдаг. Цагаан Овоочууд бидэнд өглөө босоод эрүүл агаарт алхах ямар ч бололцоо алга. Манарсан шороо тоосон дунд л амьдарч байна. Орой үдэш, шөнө уурхайн, тээврийн дуу чимээ маш их. Тэсэлгээ хийхэд байшингийн цонх чичирнэ. Орос шилтэй байхад байшингийн цонх хагардаг байсан шүү дээ.


Цагаан Овоо багийн түр оршин суугч Н.ЖАВЗАНДУЛАМ: Манай нөхөр Таван толгой компанид ажилладаг болохоор Цагаан Овоо баг дээрээ, охин бид хоёр ирж очин амьдардаг. Нөхрийн хамар нь байнга битүүрдэг. Энд ирэхээр миний, манай хүүхдийн хамар битүүрээд унтдаггүй. Тоос тортог их орж ирдэг болохоор зун салхивчаа нээж, хаяагаа шууж, хаалгаа онгойлгоно гэж байхгүй. Агаар цэвэршүүлэгчээр л болгодог. Бид өөр сумын төв, нутаг руу явж хүүхдээ агаарлуулдаг. Нөхөр бид хоёр энэ 5 дахь өдөр Өмнөговийн Баяндалай суманд очиж хүүхдээ агаарт гаргаж, тоглуулна гэж ярьсан. Би төрснийхөө дараа нөхрөөсөө тусдаа амьдарч байгаагаа бодоод гутарлын байдалд орж, нөхрийгөө ажлаасаа гар гэж хүртэл загнаж, уйлж байсан. Манай нөхөр аймагт байшин бариад тэндээсээ унаагаараа ажилдаа яваад байдаг юм билүү гээд байгаа. Бид хоёр янз бүрээр бодож, ярьж байна. Энд тоос шороо, нүүрсний угааргүй байсан бол юу гэж тусдаа амьдрахав дээ. 

Цагаан Овоо багийн ахмад настан Ц.ДУЛАМСҮРЭН: Хувцсаа угаагаад гадаа тохохоор хар тортог болчихдог. Худлаа гэвэл гэрийн бүрээсийг хараарай. Энд тэндгүй уурхайн тэсэлгээ. Тэсэлгээ хийхэд газар хүртэл доргино. Гэр нураад ирэх вий гэж айна. Гэнэт гэнэт цочино. Хөгшчүүл бидэнд тун хүнд.  


ЦАГААН ОВОО БАГИЙН ТӨВИЙН ТООС ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС 10 ДАХИН ГАРДАГ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо багийн тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-10 дахин гардаг байна. “Таван толгой” компани тоос хэмжигч багажаараа багийн төвийн тоосжилтыг байнга хэмжиж мэдээлэл бүрдүүлдэг гэж мэдэгдэж байлаа. Өнгөрсөн хавар Таван толгойн нийт уурхайн ажил Ковид 19-өөс болж саарч, хөл хөдөлгөөн татраад байсан ч 04/06-ны өдрийн хэмжилтээр Цагаан Овоо багийн төвийн агаар зөвшөөрөгдөх хэмжээнээс 8 дахин их тоосонцортой гэж гарч байжээ. 

Энэ нутагт хөл тавьж үзсэн хүн салхи багатай өдрийн бараан саарал тэнгэр, нүүрсний өмхий угаарыг андахгүй. Үйлдвэрлэл ид өрнөсөн 2017-2019 онд Цогтцэций сум, Цагаан Овоо багт очоод хэдхэн цаг болоход хамар шууд битүүрдэг байлаа. Харин өнгөрсөн хавар уурхайн үйлдвэрлэл бараг зогссон байсан болохоор Цагаан Овоо багийн агаар арай тунгалаг болсон байв. 

Харин одоо ийм орчин иргэдийн эрүүл мэндэд хэхрхэн нөлөөлж байгааг тодруулъя. 

 Цогтцэций сумын Цагаан Овоо багийн тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-10 дахин гардаг
               

ҮР ЗУЛБАХ,  ХҮҮХДИЙН ХУМС УНАХ, ХАРШИЛ ХАТГАЛГАА ТУСАХ НЬ  НЭМЭГДСЭЭР...

Таван толгойн уурхайгаас 18 км-ын зайд орших Цогтцэций сум хүн амын өвчлөлөөрөө Өмнөговь аймагтаа тэргүүлдэг. Энэ суманд оношлогдсон өвчлөлийн тал хувь нь амьсгалын замынх. Ханиад шуухниа, бронхит, уушгины үрэвслээр голдуу хүүхдүүд өвддөг. Тэгвэл “Эрдэнэс Таван толгой”-н уурхайтай хаяа дэрлэж, тоос тортог дунд нь амьдардаг Цагаан овоочуудын эрүүл мэнд ямар байна вэ гэдгийг тодрууллаа. Тус багийнханд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг багийн төв дэх “Таван толгой” ХК-ийн Ерөнхий эмч хариуцдаг байна.

    

“Таван толгой” ХК-ийн Ерөнхий эмч Б.БАТМӨНХ: Тоосноос шалтгаалсан уушгины хатгалгаа, харшил, зүрхний төрөлхийн гажиг, 5 хүртэл насны хүүхдүүдийн дунд хөл, гарын хумс унах, жирэмсэн эхчүүд үр зулбах тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Манай “Таван толгой” компанийн зөвхөн ажилчдын дунд сүүлийн хоёр жилд 7 эмэгтэй үр зулбагасан. Хоёр хүртэл насны хүүхдийн хумс унасан тохиолдол 2017 онд  4, 2019 онд 2, зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд 2018-2019 онд нийт хоёр төрсөн. 2016 онд уушгины тоосжилтоос хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдол 16 байсан бол 2020 оны 5 дугаар сарын байдлаар 22 болж нэмэгдсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо баг дахь цэцэрлэгийн багш Х.БАТЦЭЦЭГ: Манай цэцэрлэг хоёр бүлэгтэй, 56 хүүхэдтэй. Хоёр цаг тутамд л чийгтэй цэвэрлэгээ хийж арчихад алчуур хар тортог болчихдог. Ангидаа агаар цэвэршүүлэгч байнга хэрэглэж байна. Цонх онгойлгож агаар оруулах тохиолдол ховор. Хүүхдүүдийн хамар байнга битүүрнэ, нүүр, гэдэс, биеэр нь яр шарх, ногоон толгойтой юм туурах нь элбэг. Эмч нар тоос шорооноос үүдэлтэй харшил, яр шарх дархлаа муудаснаас болж гарч байна гэдэг.   

                     


БАЙШИНГАА БАРЬЖ САЙХАН АМЬДРАХ ИТГЭЛ  ЦАГААН ОВООЧУУДАД АЛГА

Нэгэнт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн лицензэд газар нутгаа алдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн төвийн иргэд нүүлгэх тухай яриа гарсан 2012 оноос хойш хашааныхаа газрыг тохижуулахаас эхлээд байшин сууц барих, үл хөдлөх хөрөнгөтэй болох, үйлчилгээний төв нээж ашиг орлогоо нэмэгдүүлэх ямар ч эрхгүй болсон байдаг. Энэ тухай нутгийн иргэд ярихдаа “Өмчилж авсан газар дээрээ тохьтой байшин сууц бариад амьдрах нөхцөлгүй болчихоод байна. Нүүх яриа гарснаас хойш барьсан байшин сууцийг нөхөн төлөхгүй гэсэн. Гэсэн ч нүүлгэнэ, нүүнэ гэсэн яриа байхаас албан мэдээлэлгүй, түгшүүртэй л амьдарцгааж байна” гэж байлаа. 

Шороо тоос, дуу чимээнээс хамгаалж сайхан сууц барьж өгье гэсэн хүүхдүүдийнхээ саналаас татгалзсаар олон жил болж буйгаа нутгийн ахмад Ц.Дуламсүрэн гуай хэлэв. Нүүнэ гэсэн болохоор тохижиж ч болохгүй, сэтгэлийн холгууртай олон жилийн авч байгаа нь энэ.

 Цагаан Овоо багийн төрх


“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 оноос Зүүн, Баруун цанхийн нүүрсийг ээлжлэн зөөсөөр нэг жилийнхээ ашгийг 1 ИХ НАЯД төгрөгт хүргэснээ өнгөрсөн 2019 онд зарласан. Түүний хувьцааг эзэмшигч бид ногдол ашгаа өөд уруугүй нэхэн барин байж саяхан авч, санаагаа амраасан. Тэгвэл энэ ашгийн төлөөсөнд бид нутгийнх нь 1000 иргэний, тэдний дотор 150 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааг золиослох ёстой юу. 


Видео нэвтрүүлгийг хүргэж байна.



Бид энэ асуудлаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулга авч хүргэх болно.                               

                                             

/ Үргэлжлэл бий /