“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны "Цагийн хүрдийн баатар - Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш”  ХХК-ийг байгуулж, өнөөдрийн байдлаар  290.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ковид  - 19 цар тахлын үед иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гарсан бөгөөд үүнд шаардагдах төлбөрийг мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төлсөн. 

Өнгөрсөн онд "Эрдэнэс-Тавантолгой" ХК бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлсэн бөгөөд, Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Цаашид Уул уурхай -  Дэд бүтэц – Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын харааг дэвшүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөө боловсруулаад байгаа бөгөөд энэ хүрээнд төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Эх сурвалж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК