Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны IV улирлын хурал арванхоёрдугаар сарын 23-нд болж ergelt.mn, isee.mn, tsahiur.mn гэсэн гурван сайтын редакцад хамаарах таван гомдлыг хэлэлцлээ.

 

Нэг. Ergelt.mn

 

Тус сайтад 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр “Хурандаа Д.Алтангэрэл эмэгтэй ажилтан руугаа өмдөө тайлж шидэж, өрөөндөө оруулж хүчирхийлэхийг удаа дараа завджээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн бөгөөд редакц энэ мэдээгээрээ батлагдаагүй худал мэдээлэл түгээсэн,  гүтгэсэн, нэр төрд ноцтой халдсан гэсэн гомдлыг нэгэн иргэн ирүүлсэн.

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал хурандаа Д.Алтангэрэлийн зүй бус үйлдлийн талаар энэхүү нийтлэлд өгүүлсэн байсан юм. Зүй бус үйлдлүүдийг алба хаагч нар илчилж, хууль хяналтын байгууллага болон Хүний Эрхийн үндэсний комисст гомдол гаргасан нь уг мэдээллийн эх сурвалж болжээ. 

Редакц мэдээллээ баталгаатай эх сурвалжид үндэслэсэн, нэр нь дурдагдсан төрийн алба хаагчийн олон нийтэд нээлттэй байсан албан формтой зургийг ашигласан, хувийн нууцад халдсан зүйлгүй тул ergelt.mn сайтын уг нийтлэл Ёс зүйн зарчмуудыг зөрчөөгүй гэж үзлээ.

 

 

Хоёр. Isee.mn

 

Тус сайтад 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн хоёр мэдээлэлд нэг иргэнээс гомдол ирсэн юм. Тухайлбал, “Өмнөговь аймгийн Цогтцэцийд 600 сая төгрөгөөр баригдсан “Наадмын талбай” улсын комисс авахаас өмнө БАЛГАС болжээ”, мөн “Цогтцэций сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж огцруулжээ” гэсэн гарчигтай хоёр нийтлэл нь “худал мэдээлэл түгээсэн, нэр хүндэд халдсан, бодит мэдээллийг талуудын тэгш оролцоотойгоор хүргэх зарчмаа баримтлаагүй, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлаагүй, хэт нэг талыг барьсан, тодорхой эх сурвалжгүй” учраас Ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж гомдогч үзсэн юм. Нийтдээ Ёс зүйн зарчмыг 10 заалтыг зөрчсөн хэмээн гомдол гаргагч үзсэн.

 

Харин хороо энэхүү гомдлын дагуу isee.mn сайтын бэлтгэсэн хоёр нийтлэлийг шүүн хэлэлцээд гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй, редакц эдгээр нийтлэлээ ёс зүйн зарчмын хүрээнд бэлтгэсэн гэж дүгнэлээ.

 

Нийтлэлд Цогтцэций сумын наадмын талбайн бүтээн байгуулалтын бодит байдлыг харуулсан бөгөөд уг ажилтай холбоотой тендэрийн мэдээллийг түгээсэн, наадмын талбайн бүтээн байгуулалтын бодит байдлыг харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн, тендэртэй холбоотой мэдээллээ баталгаажуулсан, тус сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэнд илгээсэн албан бичгийг эх сурвалж болгосон учраас ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзлээ.

 

 

Гурав. Tsahiur.mn

 

Улсын Прокурорын ерөнхий газраас тус сайтад нийтлэгдсэн хоёр нийтлэлд гомдол ирүүлжээ. 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах санал прокурорт иржээ”, 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр нийтлэгдсэн “Ц.Анандбазар цагдааг дарамталж, охидыг сүрдүүлсэн ч УЕП Б.Жаргалсайхан нүдээ аньсаар” гэсэн хоёр нийтлэл нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэхдээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэм буруутай нь тогтоогдсон хэмээн бичсэн, прокурорын хараат бус, бие даасан байдалд халдсан, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, зориуд нэг талын ойлголт өгсөн агуулгатай, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл түгээсэн гэж үзэн гомдол ирүүлсэн юм.

 

Нэр дурдагдсан хоёр нийтлэлийг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд ёс зүйн зөрчилгүй гэж хороо дүгнэлээ.

 

Олон нийтийн анхааралд буй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа, нийтийн албан тушаалтантай холбоотой хэргийн үйл явцын талаар редакц мэдээлсэн. Ингэхдээ гэм буруутай нь цагдаагийн хянан шалгах үйл ажиллагаагаар тогтоогдон прокурорын байгууллагад шилжсэн тухай мэдээлж, улмаар прокурорын байгууллага хэргийг шүүхэд шилжүүлэх эсвэл хэрэгсэхгүй болгох боломж байгаа талаар дурдсан болохоос хэн нэгнийг буруутгасан агуулга гаргаагүй. 

Асуудал хөндсөн сэтгүүл зүйн бүтээл нь үйл явдлын мэдээнээс ялгаатай бөгөөд сэтгүүлчийн зүгээс баримт нотолгоонд тулгуурлан таамаг дэвшүүлэх, дүгнэх, гарц шийдэл санал болгох боломжийг олгодог. Иймд редакцын зүгээс хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэргийн талаар мэдээлэхдээ үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар таамаглал дэвшүүлсэн гэж үзлээ.

 Иргэн та ч гэсэн Хэвлэлийн зөвлөлд хандаж гомдол гаргах эрхтэй. 

Хэрхэн гомдол гаргах вэ?

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА