Ковидын халдвар авсныхаа төлөө хүн бүхэнд шахуу ад шоо үзэгдэж, иргэний үнэмлэх болон бусад хувийн мэдээлэл нь улс орон даяар зарлагдаж байсан цаг саяхан. Гэрийнхээ хаалганд ковидтой гэсэн шошго хадуулж, орцоороо гадуурхагдаж, эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдан зарим нь хайртай хүнтэйгээ гар утасны цаанаас салах ёс хийж байлаа. 

Шинэ бүхэнд барьц алддаг шиг бүгд л тэдгээр өдрүүдэд энэ мэт олон алдаа гаргажээ. 

Тэр тусмаа ёс зүйн алдаа гаргаж байсныг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, "Дойче велле академи”-тай хамтран зохион байгуулсан "Ковид-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форумын үеэр хэлэлцлээ.

Тухайлбал Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа энэ талаар "Цар тахлын үеэр хэвлэлийн эрх чөлөө буюу амин чухал мэдэх эрх хумигдсан гэж 5 сэтгүүлчийн 3 нь үзсэн. Мөн эх сурвалжууд редакцуудад мэдээлэл өгөхдөө ялгавартай хандсан, редакц сэтгүүлчид өөрийн цензурт автсан, Засгийн газрын нэг урсгалт мэдээлэл зонхилсон зэрэг шалтгаан байсан. Хэдийгээр 11 цагт цар тахлын мэдээ мэдээллийг дунджаар 47 минут хүргэсэн ч 10 гаруйхан минутыг сэтгүүлчдийн асуулт хариултад зарцуулсан нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүйн нэг илрэл" хэмээн судалгаанд дүн шинжилгээ хийж тайлбарласан юм.

Цар тахлын үеэр идэвхтэй ажиллаж байсан редакцуудын нэг бол tsahiur.mn юм. Тус сайтын эрхлэгч Ц.Анхзулаас хэвлэн нийтлэх эрх нь хэрхэн зөрчигдсөн, түүнээс суралцах ёстой зүйл юу байсан талаар ярилцлаа.

Ковидын үед ялангуяа хөл хорионы үеэр иргэдийн мэдэх эрх ихээр зөрчигдсөн. Үүнийг тухайн үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд чөлөөтэй ажиллах боломжгүй байснаас харж болно. Зам хаалттай, QR-аар зорчуулсан хэдий ч хүний тоогоор хязгаарласан гээд олон асуудал гарч байлаа. Эх сурвалжаас яриа авах гээд очихоор цар тахлын улмаас байгууллагууд руу оруулахгүй, зөвхөн тэр яам л хариуцна гэх мэтээр тайлбарлана. Энэ мэт нөхцөл байдлаас болоод сэтгүүлчид хүссэн мэдээллээ авч чадахгүйд хүрч байлаа. Гэсэн хэдий ч сэтгүүлчид бид цар тахал, хөл хорионы өдрүүдэд иргэдийн эрх зөрчигдөж байгааг мэдээлсэн. Гэвч өнөөдөр эргээд харахад энэ үеэр маш олон хүний эрх харамсалтайгаар зөрчигдөж, зарим нь амь насаа хүртэл алджээ.

Бичлэг үзэх:

Тухайлбал Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж авах гэж ирсэн ч 22-ын товчоогоор орж чадалгүй амь насаа алдсан гунигт түүх бий. Бас бага насны ихэр охины нэг нь өвдөөд Сэлэнгээс ирэхэд нь ковидын шинжилгээний хариу гартал эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй. Тэр охин мөн л эндсэн.

Эмнэлгийн тусламж авах гээд өөрөө такси бариад ирсэн ковидын халдвартай залуу эмнэлгийн хаалганы гадаа нас барж байлаа. Гадаадаас эх орноо зориод хүрээд ирсэн ч 21 хоногийн тусгаарлалтын хоногоос болж хайртай хүнээ эцсийн замд нь үдэж чадаагүй нулимстай түүх олон. Гадаадад хорт хавдрын хүнд хагалгаанд орж, даваад хүрээд ирсэн ч үр хүүхдээ эцсийн удаа эмнэлгийн цонхоор тавхан минут харсан эцэг юу бодож мөнх бусыг үзүүлсэн бол?

Цар тахал, хөл хорио гэдэг зүйл дэлхий нийтийн хувьд шинэ зүйл, сорилт байсан. Бүгд л туршлагагүй, гэхдээ л хэчнээн хүнд хэцүү зүйлтэй тулсан ч хүний эрхийг эн тэргүүнд тавих ёстойг, хүн ёсны хандлагатай байх учиртайг бид энэ олон иргэдийнхээ харамсал, зовлон, шаналал, нулимсаар харлаа, мэдэрлээ, ойлголоо.

Сэтгүүлчдийн хувьд ч гэсэн энэ бүх зүйл шинэ л байлаа. 

Сурвалжлага хийвэл ковидын халдвар авчих вий, цагдаад баригдах вий, Гамшгийн тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар ял авчих юм болов уу гэсэн айдас болгоомжлол ч бас байсан.

Өнөөдөр эргээд харахад биднийг айлгах тактик бас явчихсан гэж боддог. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд нөлөөлсөн байж мэднэ. 

Гэхдээ л энэ амаргүй үед сэтгүүлчид зоригтой ажилласан гэж боддог. Тухайлбал өчнөөн олон жил нэг хүний вант улс шиг явж ирсэн ХӨСҮТ-ийн нөхцөл байдлыг сэтгүүлчид л гаргаж тавьсан шүү дээ. Энэ мэтээр сэтгүүлчид бид бас зоригтой алхмууд хийж чадсан л гэж боддог.