Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг 4 дэх жилдээ "КОВИД-19: МЭДЭХ ЭРХ, СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ" сэдвээр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын нээлтийн үеэр хэлсэн үгээс онцлон хүргэж байна.


Ардчилсан Монголд редакцын санхүүгийн тогтвортой байдалд халдах үйлдэл байсаар байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир:


Дэлхийн аль ч улс оронд ковид-19 цар тахлыг хохирол багатайгаар даван туулах туршлага, арга зам байсангүй. Үүний нэгэн адил хэвлэл мэдээллийнхэн нийгмийн өмнө хүлээсэн иргэний мэдэх эрхийг хангах, мөн хяналт тавих хоточ банхар"-ын үүргээ амаргүй нөхцөлд биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, олон сорилыг тууллаа. 

Хэвлэл мэдээллийнхэн нийгмийн аль ч асуудалд нээлттэй ханддаг. Нээлттэй байдалд хэвлэлийн эрх чөлөөний хүрээнд "шүүмжлэх" эрхийг ч багтаан ойлгодог. 

Ажил хэрэгтэй нь холбоотой "шүүмжлэл"-ийг гүтгэлэг, доромжлол хэмээн эндүүрч шүүх, хууль хүчний байгууллагад гомдол гарган шалгуулах, сэтгүүлчид айдас түгшүүр төрүүлэх, редакцын санхүүгийн тогтвортой байдалд халдах үйлдэл ардчилсан Монголд байсаар байна. 

Технологи, дижитал хувьсал асар том боломжийг авчирсан ч хуурамч мэдээлэл тархах, олон нийтийг төөрөгдөлд оруулах зэргээр зарим талаар сэтгүүл зүйн нэр хүндэд харш сөрөг үр дагавар дагуулж буй. 

Ковид-19 цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь аргагүйд хүрч иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд  зарим хязгаарлалтыг үүсгэсэн. Энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий. 

Иймд энэ удаагийн форумаар иргэний суурь эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээнүүдийн хэрэгцээ шаардлага, зэрэглэл, оновчтой байдлын талаар хэлэлцэнэ. 

Ёс зүйтэй хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг роль инфодемик буюу мэдээллийн цар тахлын үед энгийн үеэс ч илүү онцгой чухал болохыг ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд сануулсаар ирсэн. 

Өнөөдөр сэтгүүлчид бид цар тахлын үед юуг сайн хийж чадав, юуг хийж чадсангүй вэ гэдгээ хамтдаа дүгнэн хэлэлцэх боломж юм. 

Сэтгүүлчдэд зөвхөн үнэнийг өгүүлэх үүрэг оногддог

Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан төслийн менежер Патрик Бэннинг:

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн урилгаар бидний өмнө зохион байгуулж байсан сэтгүүлчийн ёс зүйн форумуудаас энэ удаагийнх илүү чухал ч байж магадгүй. Учир нь цар тахлын хямрал хараат бус, бие даасан сэтгүүлзүйн хямрал, чөлөөт, олон нийтийн харилцааны хямрал, тухайн улсын ардчиллын хямрал юм. 

Хямралын энэ цаг үед хэвлэл мэдээллийн салбарт ажилласан бид ямар туршлага, ухаарлыг хуримтлуулсан талаараа, мөн хямралын үед хүлээх хариуцлагын талаар ярих зүйл их бий. Хямралын үед бидний өмнө нь мэддэг байсан мэргэжлийн амьдралаас тэс өөр, илүү том цар далайцтай болохыг бид бүгд мэдэж, бас сурч авлаа хэмээн би бодож байна. 

Сэтгүүлч бидний ажил үнэнийг өгүүлэхийн хойноос явдаг. Зөвхөн үнэнийг өгүүлэх үүрэг сэтгүүлчдэд оногддог. Харин энэхүү үнэнийг нэг өнцгөөс ойлгох нь ховор гэдгийг илүү гүнзгий ухаарах ухаарлын тухай энд яригдаж байна. 

Яг ийм ойлголтын хүрээнд, үүний үр дүнд хямралыг даван туулахын тулд бид БҮХ өнцөг, хэтийн төлвийг анхаарах хэрэгтэй болжээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн, мэдээжийн хэрэг хямралын сүүлийн хоёр жилийн туршлага нь бидний дотоод хандлагыг өөрчилж, баяжуулж чадна гэдэгт би гүнээ итгэлтэй байна.