Монгол Улсын Засгийн газар  цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. Ингэж бэлэн мөнгө тараах нь хавтгайрсан халамжийн арга уу, эсвэл цаг үеэ олсон зөв шийдвэр үү гэсэн яриа нийгэмд гараад буй. 

Сүүлийн хэд хоног нэлээд эрчимтэй яригдсан уг асуудал дээр эдийн засагч Д.Жаргалсайхан сэдэв өрнүүлж, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар энэхүү clubhouse-ийн хэлэлцүүлгийн зочноор оролцсон юм.

Хэлэлцүүлэгийн эхэнд  өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон, яагаад энэ удаагийн хөл хорионы үеэр иргэдэд тусламж үзүүлэх болсон бэ гэхэд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Тэрбээр, "Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд ковид-19 өвчлөлийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласнаар айл өрхүүд санхүүгийн хувьд хүнд байдал орж, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа. Монгол Улсын засгийн газрын зүгээс өмнө тусламж үзүүлэх талаар олон санал санаачлагыг гаргасан ч боломж хараахан бүрэлдээгүй байсан юм. Харин Оюутолгой компанид тавьсан татварын зөрчлийн мөнгө өнгөрсөн хоёрдугаар сараас хойш улсын төсөвт  төвлөрч эхэлсэн. Энэ нь  нийт  нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Монгол Улсын төсөвт төвлөрсөн гэсэн үг. Ингэж улсын төсвийн орлогыг иргэн бүрд хүртээх боломж бүрэлдсэн" гэж ярьлаа.


Мөн бэлэн мөнгө тараах нь Монгол Улсын эдийн засгийн макро түвшинд нөлөөлөхүйц хохирол учруулахгүй гэж Монголбанкны зүгээс үзэж байгааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн цохон хэлсэн юм. Тэрбээр, 

"2021 онд Монголбанкны дэвшүүлсэн мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцын түвшинг 6 хувьд тогтоон барина гэж үзэж байгаа. Иргэдэд бэлэн мөнгө олгож эдийн засгийн эргэлтэд оруулснаар зорилтот инфляцын түвшинд хүрэх эрсдэл гарахгүй.  Энэ дүгнэлтийг гаргах хэд хэдэн үндэслэл бий. 


Тухайлбал, Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт инфляцын түвшин 2,6 хувь буюу зорилтот түвшнээс доогуур үзүүлэлтэй байна. Сүүлийн 8 сарын хугацаанд долларын ханшийг  тогтвортой байлгаж буй. Түүнчлэн хэдийгээр хил гааль хаалттай, эдийн засгийн сэргэлт саарсан байгаа ч мөнгөний нийлүүлэлт оргил үедээ 70 хувь хүрсэн эерэг үзүүлэлт байгаа юм." гэж тайлбарлалаа. 


Ташрамд дурдахад ажлын байрыг хадгалах, нэмэх зорилготой 3 хувийн хүүтэй зээлд  2 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Үүний нэг их наяд төгрөгийг нь ААН, үлдсэн нэг их наядыг иргэд, хувь хүнд зээлээр олгоно. Дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар нийт 6000 орчим зээлдэгч 405 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэснээр зээл олгож эхэлснээс хойш 11 мянга гаруй ажлын байр хадгалагдсан гэсэн тооцоо гаргажээ. 

Түүнчлэн Монголбанкаас арилжааны банкуудад хандан засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн үндсэн хүүнд суутгаж авахгүй байхыг уриалсан албан бичиг хүргүүлсэн гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдснээр өчигдөр оройны байдлаар нийт хүн амын 85 хувьд 300 мянган төгрөгийг олгосон. Төрийн данснаас иргэдийн 96 хувьд хүрэх санхүүжилтыг банкуудын дансанд шилжүүлсэн байгаа аж.