АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй Вашингтон хотноо уулзахдаа, “Флоренс” хар салхинд өртсөн хүмүүст тэмээний ноосон хөнжил хандивласанд талархаж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

“Флоренс” хар салхинд өртсөн хүмүүст 100 мянган ам.долларын үнэ бүхий тэмээний ноосон хөнжлүүд бэлэглэсэнд дэд ерөнхийлөгч Майк Пенс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Америкийн ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв” гэж Цагаан ордон мэдээлжээ.

Майк Пенс, У.Хүрэлсүх нар мөн худалдаа, хөрөнгө оруулалт, Афгинастанд явуулж байгаа НАТО-гийн ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын дэмжлэг болон Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг Монгол Улсын эрх баригчид биелүүлж байгаа байдлыг хэлэлцлээ гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

“Флоренс” хар салхи Америкт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Атлантын далайн эрэг хавийн муж улсуудад дэгдэж, усархаг бороо, үер дагуулсан юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 37 хүн амиа алджээ.