Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье...

... Хэдий нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч байгаа боловч би Монгол төрийн тэргүүний хувиар шүүхийн багц хуулийн шинэчлэлд анхаарч тусгах, Засгийн газрын төсөлд зохих ёсоор нь засаж залруулах шаардлагатай бодлого, зарчмын зөрүүтэй асуудлуудын талаар хууль тогтоогчид Та бүхэнд тодорхой тайлбар өгч, өргөн мэдүүлсэн төслүүдийнхээ хүрээнд Улсын Их Хуралд саналаа илэрхийлье.


Нэгдүгээрт. Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй.

Засгийн газрын төсөлд энгийнээр хэлбэл улс төрийн намуудын их хурал шиг шүүгчдийн төлөөлөгчдөөс бүрдсэн “Шүүгчдийн зөвлөл” гэх бүтэц бий болгох, түүний бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн нийт шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг сонгож оруулах, энэ зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны  гишүүнийг тус тус сонгох, Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах зэрэг асуудлууд туссан.

Энэ нь шүүх эрх мэдлийн хүрээнд явцуу зорилго, эрх ашгаар нэгдсэн бүлэглэл, фракцуудыг хуульчлан байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн мэргэшлийн хороонд өөрсдийн төлөөллийг оруулж нөлөөллөө тогтоох гэсэн өрсөлдөөн тэмцэлд шүүгчдийг татан оруулах, ноёрхлоо тогтоож чадсан бүлэглэл, фракц нь бүхнийг мэддэг, шийддэг, бусад шүүгч нартаа нөлөөлдөг, хууль бус аливаа дарамт, шахалтыг үзүүлдэг нэн зохисгүй байдалд шүүхийг оруулах, шүүгч өөрийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аль нэг бүлэглэл, фракцид эрхгүй татагдан орох, нэгдэх байдлаар хараат бус байдлаа бүр мөсөн алдаж, өнөөгийн байгаа нөхцөлийг улам дордуулах эрсдэлд хүргэнэ.

Өнөөдөр Монгол Улсад нийтдээ 520 гаруй шүүгч ажиллаж байна. Эдгээр шүүгчид эрх тэгш байж, ямар ч болзол шалгуургүйгээр саналаа илэрхийлж дотоод асуудалдаа оролцох эрх, боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Үүнийг би өргөн мэдүүлсэн төсөлдөө бүрэн хангаж, тусгасан болно. Ялгааг нь олж хараарай. 


Хоёрдугаарт. Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй. 

Засгийн газрын төсөлд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх зохицуулалтыг тусгажээ.

Аливаа сонгууль оролцогчдоо тодорхой эрх ашгаар нэгдэх, түүндээ захирагдах, хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох, өөр хоорондоо үүрэг хүлээх, үгсэл тохиролцол хийх, байнгын хамтын ажиллагаа үүсгэх зэрэгт зүй ёсоор түлхдэг бөгөөд үүнийг үгүйсгэх аргагүй, дэлхий нийтэд тогтсон зарчим гэж хэлэхэд болно.

Тиймээс Ерөнхий шүүгчийг сонгох тухай энэ зохицуулалт мөн л шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан том, тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, шүүх эрх мэдлийг хэдэн хэсэгт тасчин, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгилоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай.

Нөгөө талаас Ерөнхий шүүгчийг сонгох утга бүхий энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг илт зөрчсөн, дур зоргын шинжтэй зохицуулалт хийх оролдлого гэдгийг мөн онцлон хэлэе.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөсөн бол өргөн баригдсан хуулийн төслүүдэд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилохоор нэгэн адил тусгагдсан байгаа. Ийм нөхцөлд Ерөнхий шүүгчдийг ур чадвар, туршлагыг нь харгалзах тодорхой болзол, шалгуурын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, Үндсэн хуулийн дагуу томилох нь зөв болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1985 онд сайшаан баталсан Шүүхийн бие даасан байдлын талаарх үндсэн зарчмуудын 13-т “Шүүгчийг дэмжих буюу дэвшүүлэх тогтолцоо нь бодит хүчин зүйл, эзэмшсэн байх ур чадвар, туршлагад суурилсан байх ёстой” гэсэн байгааг олон улсаар удирдуулдаг хүмүүс олж хараагүй байна гэж ойлговол хэтэрхий гэнэн хэрэг болох байх.

Түүнчлэн Монгол ардын намын гишүүд Та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд хэт олонхоороо эрдэж, ингэж хүч түрэн, дур зоргын байдлаар хандах нь ямар эрсдэл дагуулж, ард түмний жигшил дургүйцлийг дээд зэрэгт хүргэдгийг өөрсдийнхөө 2017 онд баталсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг будилаантуулах замаар зарим нэгэндээ хамаарч, хардагддаг олон зуун тэрбумын хохиролтой, 13 авлига, албан тушаалын хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгоход хүргэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө бүрэн харж болно.

Ийм хуулийг санамсаргүй хийчих, анзаарахгүй баталчих боломж байгаагүй.


Гуравдугаарт. Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй.  

Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.2, 49,3, 49.4, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгүүдийн хүрээнд шүүх буюу шүүгч зөвхөн шүүн таслах ажлаа эрхлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” үндсэн зорилгынхоо хүрээнд бусад асуудлуудыг эрхлэхийг тодорхой харж болно. Тиймээс Та бүхэн Засгийн газрын төсөлд туссан Улсын дээд шүүхэд судалгаа, сургалтын ажил эрхлэх байдлаар захиргаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаанд хутгалдан оролцох эрх олгож буй асуудалд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

Миний өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуулийн сая дурдсан үзэл санаа, зохицуулалтыг тууштай баримталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхээр боловсруулагдсан.


Дөрөвдүгээрт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий энэ байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь улам төгөлдөржүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго байсан.

Гэтэл Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг орон тооны, 5-ыг нь орон тооны бус нөхцөлөөр ажиллуулах асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан бөгөөд энэ нь одоогийн байгаа нөхцөлөөс дээрдэх хувилбар огт биш юм. Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүгд орон тооны байж, үр дүнтэй ажиллах нөхцөл боломжийг олгохоор тусгасан.


Тавдугаарт. Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

Өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийг орон тооны бус зарчмаар ажилладаг Шүүхийн ёс зүйн хороо гэдэг байгууллага хэрэгжүүлж ирсэн.

Энэ хороо сүүлийн таван жилд буюу 2015 оноос энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан нийт тоогоор 1,943 шүүгчид холбогдох 1,303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид л сахилгын шийтгэл хүлээлгэсэн үр дүнтэй ажиллажээ.

Энэ бол өнөөх хонгилын нэг үзүүр, тасалбал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт. Ёс зүйгүй, шударга бус шүүгчид хариуцлага тооцож чаддаггүй энэ тогтолцоо төрөөс ямар алхам хийхэд хүргэснийг би дээр тодорхой дурдсан. Шүүхийн нэр хүнд ямар байгааг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн ихээр авилгад автсан, хүнд суртал нүүрлэсэн салбарын тоонд манлайлан явж байгааг тогтоосон судалгаа хүртэл байна.

Ийм байхад шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон боломжийг ашиглаж, шүүгчийн хараат бус байдал болон сахилга хариуцлагын асуудлын торгон хил, хязгаарыг зөв тогтоож, иргэдийн итгэлийг хүлээсэн, эрхийг нь хангасан шударга тогтолцоог бүрдүүлэн, нэр хүндтэй шүүхийг байгуулахын төлөө ажиллаж, эрх зүйн шинэтгэлийн нэг том хэлэлцүүлэг, бодлогыг үүнд чиглүүлэх ёстой.

Харамсалтай нь миний өргөн мэдүүлсэн төсөлд тусгалаа олоод байгаа, олон улсын жишиг хандлагад бүрэн нийцсэн тодорхой бодлого, зорилтоос өөр санал, санаачилга огт алга.

Засгийн газар нь төсөлдөө Шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй байхаар, 9 гишүүнийх нь 3 нь орон тооны, бусад нь орон тооны бус нөхцөлөөр ажиллахаар тусгажээ. Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдаж байгаа Шүүхийн сахилгын хороог одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хорооноос огт ялгарахааргүй, ор нэр төдий байгууллага болгон, хонгилын тогтолцоог хамгаалж бэхжүүлэхээр санаархаж байгааг зүй бус эрх ашиг гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг эрх баригчид, Монгол ардын намын гишүүд хаана гээчихсэн бэ? Шударга ёс, шударга нийгэм, өөрчлөлт, шинэчлэлтийг горьдон хүлээж байгаа Монголын ард түмэнд үүнийгээ Та бүхэн тайлбарлах ёстой байх.

Нийтээр хэлэлцэж, зөвлөлдөж, зүтгэн байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ингэж үнэгүйдүүлэх, ач холбогдлыг нь алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хөсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх бус өөгшүүлэх ийм бодлого нь өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт мөн үү.

Би хувьдаа шинэчлэлт биш гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргах бие даасан хуулийн төслийг миний бие боловсруулж өргөн мэдүүлсэн. Энэ төсөлдөө Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдах Шүүхийн сахилгын хороог орон тооны 12 гишүүнтэйгээр цоо шинээр байгуулахаар тусгасан бөгөөд шүүгчийн сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөн шалгах ба шүүн таслах гэсэн 2 үндсэн чиглэлд, давхцалгүй хэрэгждэг байхаар зохицуулсан. Энэ бол олон улсад тогтсон, шүүгч хараат бусаар сахилга, хариуцлагын асуудлаа шийдвэрлүүлэх сайн жишгийг нэвтрүүлэх алхам байсныг онцлон тэмдэглэе.


Зургадугаарт. Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэгдэж байх үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийж, гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар томилох” зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахаар санал хураалт явуулахад чуулганд оролцсон 59 гишүүний 52 нь дэмжээгүйгээр энэ зохицуулалт унасан юм.

Гэтэл Засгийн газар төсөлдөө Улсын Их Хурлаар дэмжигдээгүй энэ зохицуулалтыг агуулгаар нь бүрэн сэргээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох эрхийг Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой үр дагавартай, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн зарчмыг илэрхий гажуудуулсан, бусармаг бодлого мөн боллоо.

Шулуухан хэлье. Энэ бодлого бол шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын, үүгээр дамжуулан  Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлсэн намын, үүний дотор улс төрийн нам дахь уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой фракцийн хэсэг бүлэг улс төрчдийн эрхшээлд бүрэн оруулж, нураах гэж ядаж байгаа хонгилыг хуулиар хамгаалж, хуулийн дагуу сэргээн авч байгаа хэрэг бөгөөд өнө мөнхөд үргэлжлэхгүй ч өнөөдөртөө байгаа хэт олонхийн хүчээр Үндсэн хуулийг өшигчин, улайрч байгаа хэсэг нөхдийн энэ бусармаг үйлдэл нь өнөөгийн хямралыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх болхи явдлын үндсэн суурь болно.

Тэд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгож, томилсон саяхны жишгээ сайрхан, ил тод сурталдаж байна. Хүний эрхийн комисс бол Улсын Их Хурлын харьяаны байгууллага, тиймээс би ч бас энэ сонгон шалгаруулалтыг дэмжиж байна.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагыг Улсын Их Хурлын харьяаны байгууллагатай адилтгаж, олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар явцуу зорилго, сонирхлоо гүйцэлдүүлэх нь нэн зохисгүй бөгөөд зохимжгүй хийрхэл гэдгийг онцлон хэлье.

Улсын Их Хурлын сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь. Үүнийг би эрс эсэргүүцэж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага гэдгийг хатуу анхааруулъя.

Эрх баригчид нь ийм ноцтой асуудалд шүүх эрх мэдлийг хөтөлж байгаа учраас би хуулийн төсөл өргөн мэдүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурал томилохоор тусган, Үндсэн хуулийн зарчим, шаардлагын үүднээс томилох эрх бүхий байгууллага нь нэр дэвшүүлэх буюу сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байх, үүний оронд ард түмний төлөөлөлд зүй ёсоор хамаарах Монголын нийт хуульчдаас, 6,000 гаруй гишүүнтэй Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх, тэдгээрийг Улсын Их Хурал томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр томилж байхаар тусгасан.

Энэ нь мөн л засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг төгөлдөржүүлсэн, хуулиар хүрсэн ололтыг хадгалсан, эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад чиглэсэн зохицуулалт болж байгаа. Хууль тогтоогчид Та бүхэн 6,000 гаруй гишүүнтэй мэргэжлийн холбоог байнгын хорооноосоо байгуулагдсан ажлын хэсгийн 9 хүнээс дорд үзэж яав ч болохгүй гэдгийг дахин дахин анхааруулъя. Би зарим гишүүдийн сурталдаад байгаа Хүний эрхийн комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг жишээлэн хэлж байгаа юм шүү. Энэ бол тэс өөр байгууллага.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх, гишүүдийг нь сонгож томилох асуудлын хүрээнд тэгш байдлыг анхаарах шаардлага бас зүй ёсоор үүсч байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд нэр дэвшигчдийн зарим нь нийтийн сонсголоор ордог, Улсын Их Хурал дээр улалздаг, зарим нь буюу шүүгчдээс сонгогдож байгаа нь ордоггүй, олон нийтээс далдуур томилогдоод байж болохгүй юм.

Тиймээс шүүгчдээс сонгогдож байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ядаж Улсын Их Хурлаар оруулж, танилцдаг байх нь зөв болно.


Долдугаарт. Шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай. 

Засгийн газрын төсөл нь эрүү, иргэний чиглэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, сум дундын шүүхэд тус бүр нэг шүүх болгон нэгтгэх зарчмыг баримталсан нь шүүхийг дагнан ажиллуулах чиглэлд нэгэнт хүрсэн өнөөдрийн амжилтаас ухарсан хэрэг болж байна.

Нүдний эмчээр шүд эмчлүүлэх гээд байгаатай адилтгаж болмоор ийм ухралтыг хийх нь хууль ёсны шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг улам дордуулна гэдгийг бодох хэрэгтэй. Би өргөн барьсан төсөлдөө шүүхийг дагнан ажиллуулах зарчмыг алдагдуулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан.


Наймдугаарт. Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй юм бол иргэдийн төлөөлөгч нь мануухай шиг байж болохгүй. 

Батлагдсан цагаасаа хойш бодлого, зарчмынхаа хүрээнд хэрэгжээгүй нэг хууль байна. Энэ бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Агуулга, ач холбогдлоор нь дүгнэвэл хэрэгтэй хууль.

Харамсалтай нь Засгийн газар энэ хуулийг амилуулах, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, үүрэг оролцоог боловсронгуй болгох чиглэлд огт санаачилга гаргасангүй.

Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд иргэний хяналт байх ёстой юм бол тодорхой үүрэгтэй байх шаардлагатай. Тиймээс би шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгах, энэ шаардлагыг давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд нэгэн адил хамааруулах зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгайлан зааж тусгасан.

Ингэж байж шүүх эрх мэдэл дэх ардчилсан ёсны тусгал болсон иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын салшгүй хэсэг болж, түүний үндэслэгээг сайжруулах, хөгжүүлэх нэг хөшүүрэг нь болно гэж үзсэн юм.


Есдүгээрт. Шүүхийн шийдвэр албан захидлын хэмжээнд байгаад байж болохгүй.

Шүүхийн шийдвэр биелдэггүй, биелүүлдэггүй бусармаг байдлыг шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй авч үзэж, зохих бодлого, зохицуулалтыг тусгах ёстой, бас тийм шаардлагатай байгаа нь нэн тодорхой юм.

Тодорхой жишээ хэлье. 2016-2019 оны хооронд Захиргааны болон Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нийт хэргийн 90 гаруй хувийг төрийн албан хаагчийг ажлаас хууль бусаар өөрчилж, чөлөөлсөнтэй холбоотой маргаан эзэлж байна.

Энэ хугацаанд  төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс 1,986  иргэн, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх, халах шийдвэр гаргасныг шүүх хянаж, 1,525 тохиолдлыг иргэний талд шийдвэрлэн, 13 тэрбум орчим төгрөгийн хохирлыг нэхэмжлэлийнх нь дагуу олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэвч шүүхийн шийдвэр нь биелэхгүй, биелүүлэхгүй байх үзэгдэл газар авч, энэ олон иргэнийг хохироосон хууль бус үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Хууль тогтоогчид Та бүхэнд ч өргөдөл, гомдол тасралтгүй ирж байгаа байх.

Харамсалтай нь Засгийн газар үүнийг огт анхаараагүй бөгөөд өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол заавал хэрэгждэг, түүнийг хэрэгжүүлдэг байхад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтыг олж тусгахыг эрмэлзээгүй болно.

Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, шүүхийн шийдвэр гарсан бол заавал биелдэг, биелүүлдэг байхад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг тусгасан.


Аравдугаарт. Шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой.

Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд нь хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.

Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд захирагдаж, бусдаас, түүний дотор тухайн шүүхийнхээ ерөнхий шүүгч, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчдээс хараат бус байх ёстой юм.

Гэтэл Засгийн газар хуулийн төсөлдөө давж заалдах болон хяналтын шатны шүүх нь бүрэлдэхүүн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг тогтоолгох дүгнэлтийг гаргуулахаар Шүүхийн мэргэшлийн хороонд хандах, түүнийх нь үр дүнд шүүгчийг ажлаас нь чөлөөлөх, огцруулах хүртэл арга хэмжээ авч болох зохицуулалт тусгасан байх бөгөөд энэ нь шүүгчийг хараат бусаар ажиллуулах бус мэргэжлийн хариуцлагын арга хэмжээгээр дамжуулан шүүгчийг дээрээс нь дарамтлах, удирдах, хууль бус нөлөөлөл, шахалтыг үзүүлэх нөхцөл боломжийг хуулиар бүрдүүлэн өгч байгаа хэрэг болж байна.

Мөн Засгийн газрын төсөлд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэх өнөөгийн хууль тогтоомжид байхгүй ойлголтыг зориуд бий болгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хороонд хадгалагдах учиртай чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хамааруулж, шүүгчийг ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийнх нь хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр огцруулах бус чөлөөлөхөөр заасан байгаа нь шүүгчийг дээд шатны шүүхээс улам бүр хараат байдалд оруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар олгогдоогүй чиг үүргийг хариуцуулах учир дутагдалтай зохицуулалт бас байна. Ийм зориудын шинжтэй алдааг гаргахгүй байх, засаж залруулах өөрчлөлтийг би өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгайлан зааж залруулсан.


Арваннэгдүгээрт. Шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн эрхшээлд байж болохгүй нь нэн тодорхой. 

Сүүлийн таваас долоон жилийн байдлаар шүүхэд хөрөнгө оруулалтын шинжтэй нэг ч төгрөг улсын төсвөөр хуваарилагдсангүй, шүүхийн хөрөнгө оруулалтыг Улсын Их Хурал улсын төсвөөс тогтмол хасаж ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн бөгөөд Засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж, шүүхийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг нь сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явуулж байгааг зөвтгөх аргагүй юм.

Засгийн газрын төсөлд шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч чиглэсэн дорвитой бодлого, зохицуулалт огт тусгагдаагүй, зөвхөн шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангах агуулга бүхий хэт ерөнхий, өнгөц бодлогоор асуудалд хандсан нь учир дутагдалтай байна.

Тиймээс би бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон эдийн засгийн баталгааг хангахад зориулагдсан төсвийг өмнөх жилийнхээс нь бууруулахгүй байх, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндэслэл, тайлбарыг Улсын Их Хурал нь сонсдог, харгалзан шийдвэрлэдэг байхад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлдөө тусгасан.

Үүнийг хууль тогтоогч Та бүхэн анхаарч шүүхийн төсвийг хүрэлцэхүйц хэмжээнд төсөвлөдөг байх, шүүхүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэх наад захын стандарт шаардлагыг хангасан байртай болгох зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг нь тухай бүрт шийдвэрлэх замаар шүүхэд хандах хандлагаа өөрчлөх ёстойг хэлье.


Арванхоёрдугаарт. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг Шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр, ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүй гэдгийг хатуу хэлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш юм. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

Засгийн газрын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилж байх үүрэг хүлээх зохицуулалт туссан бол Шүүхийн сахилгын хороо шүүгчийг огцруулах, чөлөөлөх шийдвэр гарснаар тухайн шүүгчийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өөрийнх нь оролцоогүйгээр мөн дуусгавар болж байх ёстой гэсэн зохисгүй үзэл суртал чамгүй тараагдаж байна. Энийг бас анхаараарай.

Эдгээрийн аль нь ч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, шаардлагад нийцэхгүй гэдгийг тодотгож, байж болох хэмжээнд, баримжаатайгаар асуудалд хандахыг зөвлөж байна.

Манай анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай нэгэнтээ “хуульд үг нь байтугай таслал нь хүртэл утгатай байдаг” хэмээн хэлж байсныг Улсын Их Хуралд сууж байгаа хуульч гишүүд мэдэх байх. Хоёр хуулийн төсөлд цэг, таслал гэлтгүйгээр бодлого, зарчмын зөрүүтэй олон асуудал байна. Та бүхэнд хүсэл, эрмэлзэл байвал анхаарч, судлаарай гэж хэлье.

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, тодруулбал “Хууль санаачлахаас гадна Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих, Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжийн талаар Цэцэд хүсэлт гаргаж хянуулах” зэрэг тодорхой боломжуудыг олгосон байдаг тул цаашид энэ хүрээнд шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудалд анхаарч, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж ажиллана.

Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бяралхдаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.

Хэрхэхийг эрхэм гишүүд Та бүхэн мэдэхтүн.

Мөнх тэнгэрийн хүчин дор шударга ёсны зам мөр цагаан байж бүх хүнд тэгш хүрэх болтугай” гэлээ.


ЭНД дарж, Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншина уу.