Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүдэрчулууны Хулан
01 сарын 16, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргалаа.

Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.


Энэ хүрээнд:

  • Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;
  • Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах;
  • Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;
  • Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх;
  • Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх;
  • Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм.

Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад уриаллаа.

Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.


Хамба лам Д.НАЦАГДОРЖ: Уламжлалт анагаах ухааны 

ирээдүйн чухал хөгжлийн зам мөрийг тавьж байна


Оточ Манрамба Их Сургуулийн Ректор, Монгол Улсын хүний Гавьяат эмч, Хамба лам Д.НАЦАГДОРЖ "Монголын Уламжлалт Анагаах Ухааныг хөгжүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлиг гарсантай холбогдуулан Вьетнамын Да Нанг хотоос МЭНДЧИЛГЭЭ ирүүлжээ. Үүнд, 

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай" зарлиг гаргасан өнөөдрийн энэ билэгт сайн өдөртэй давхцан Оточ Манрамба Их Сургууль, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг Сургалтын Манба Дацан төвийн удирдлагууд бид Вьетнамын Да Нанг хотод Европын холбооны санхүүжилттай Digital Move төслийн хүрээнд олон улсын хуралд оролцож байна. 

Энэхүү олон улсын хурлаар уламжлалт анагаах ухааны сургалт эмчилгээг хэрхэн дижитал болгох асуудлыг цогцоор нь ярилцаж, санал бодлого, туршлага, үр дүнгээ хэлэлцүүлж буй нь уламжлалт анагаах ухаан минь монголдоо төдийгүй олон улсад хөгжихийн бэлгэ дэмбэрэл гэж үзэж байна.

Аугаа Манла бурхад, Шанлон, Дамжан сахиусанд анагаах ухаан арван зүгтээ дэлгэрэн хөгжихийг даатган залбирч, хүмүүн төрөлхтөнд эрүүл энх, урт наслах, удаан жаргахын ерөөл өргөе.

2026 оны нэгдүгээр 16-ны энэ билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын уламжлалт анагаахыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан явдал нь Монголын ард түмний өв соёл, Уламжлалт анагаах ухааны ирээдүйн маш чухал хөгжлийн зам мөрийг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү Уламжлалт анагаах ухааныг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар зарлиг гаргаж байгаа явдал нь Монголын уламжлалт анагаах ухааны түүхэнд онцгой тэмдэглүүштэй өдөр юм. 

Олон мянганы тэртээгээс Манла бурхны алагчаалалгүй бие, сэтгэлийн өвчин зовлонгоос урьдчилан сэргийлж хамгаалах, анагаан эдгээх агуу онол, шүн, зарлиг, номыг олон мянган жилийн тэртээгээс Монголчууд бидний өвөг дээдэс өнөөдрийг хүртэл дамжуулан хөгжүүлж ирсэн машид гайхалтай өв соёл юм. 

Энэхүү их анагаах ухааны өв соёлыг олон зууны турш Монгол оронд жүд, онол, шүн, увдис номыг нь дамжуулан ёсчлон суралцаж, өөрийн амьдралын бүхий л цаг хугацааг номын зүгт чиглүүлэн, номт ёсоор уламжлуулан дамжуулсан маш олон ихэс дээдэс, багш, лам хуврагууд, хутагт хувилгаад, оточ манрамбуудын /маарамбуудын/ бодьсадийн  сэтгэл, оюун шингэсэн энэхүү анагаах ухаан өнөөдөр бидэнд өвлөгдөн ирсэн. 

Тиймээс энэхүү анагаах ухааныг ном ёсоор нь дамжуулан өвлүүлж өгсөн их ачит лам хуврагууд, оточ маарамбуудын өлмийд сөгдөн мөргөж хүндэтгэл үзүүлье. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хэрэгжүүлэн хөгжүүлэхэд Уламжлалт анагаах ухааны салбарынхан төдийгүй Монголын ард түмэн бид бүхний сэтгэлийн ач буян маш чухал билээ.

Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Манба Дацан төв, Оточ Манрамба Их Сургуулийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч, Билгүүн номч Хамба лам Д.НАЦАГДОРЖ" гэсэн байна. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.