Л.Баяржаргал
10 сарын 17, 2017
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Тус албан бичигт " Ерөнхий сайд Таны Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээр 100 хувь бүрдүүлэхээр ирүүлсэн санал Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг бүрэн зөрчиж байгаад туйлын их харамсаж байна.
Авлигачдад нухлагдан, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэн зүдэрч байгаа ард түмэн маань Монгол Төрийн албан тушаалыг захын бараа шиг арилжсан гэх "60 тэрбумын", Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй "Оффшорчдын" гэх мэт хэргүүдийг шударгаар шалган шийдвэрлэх, гэм буруу нь шүүхээр тогтоогдгүй байхад хүний хувийн ашиг, улс төрийн зорилгоор гэмт хэрэгтэн болгон зарладаг хуулийн байгууллагуудын зүй бус үйл ажиллагааг зогсоох, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах зэргээр ёс зүйт, шударга нийгмийг цогцлоон, эрх мэдлийн хяналт-тэмцлийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд танаас хүсэн хүлээж байна.
...Ерөнхийлөгч миний бие уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолтой хүн Засгийн газарт ажиллаж болохгүй гэж үздэг. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулж, төрийн үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээг эвдэж байна.
Ерөнхий сайд Таны ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд харин бусад Засгийн газрын гишүүдийг ард түмэнд амласан МАН-ын мөрийн хөтөлбөрөө харгалзан хууль тогтоомжийн дагуу УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зүйтэй байна" гэжээ
Хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
ерөнхий сайд ерөнхийлөгч х.баттулга засгийн газар сайд албан бичиг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.