ТАЛЛИН. /TASS/. Одоогийн байдлаар Эстони улсын Төв банкинд ганцхан ширхэг алтан гулдмай үлдээд байгаа бөгөөд уг алтыг хангалттай хэмжээнд цэвэршүүлээгүй учраас хэрэгцээтэй үед санхүүгийн зах зээлд борлуулах боломжгүй гэнэ.


Эстонийн Төв банкны Санхүүгийн зах зээлийн газрын дарга Фабио Филипоцци-гийн ярьснаар, 11 кг жинтэй уг гулдмай нь ойролцоогоор 500 мянган еврогийн үнэ хүрэх гэнэ. “Бараг 100 жилийн өмнө хайлуулж гулдмай болгосон уг алтыг санхүүгийн зах зээлд борлуулах боломжгүй учраас нэг ёсондоо музейн үзмэр болж байгаа юм” гэж Төв банкны төлөөлөгч хэллээ. 


Өнөөдрийн байдлаар, Эстони улсын алтны нийт нөөц 256 кг байгаа бөгөөд ихэнхийг нь Нью-Йоркт хадгалуулдаг аж. Аюулгүй байдлын үүднээс Эстонийн анхдугаар бүгд найрамдах улсын /1918-1940 он/ үеэс л тус улс алтныхаа ихэнхийг гадаадын банкуудад байршуулсаар иржээ. Түүнээс гадна, Эстонийн Төв банк 660 сая еврогоор өрийн бичиг ба хувьцаанд хөрөнгө оруулсан байна.  



Дашрамд дурдахад, Эстонийн Төв банк 5 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг