БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн талаар тус улсад суугаа манай улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Эх орондоо буцах хүсэлтэй Солонгос дахь Монгол иргэдийн өргөдлийг Элчин сайдын яамнаас Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн. 

2020 оны 5 дугаар сарын 22-ны 12.00 цагийн байдлаар Консулын хэлтэс нийт 1896 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. 

Өргөдөл гаргасан иргэдийн 170 нь буюу 9 хувь өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 397 нь буюу 21 хувь 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 84 нь буюу 4 хувь жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 147 нь буюу 8 хувь эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 53 нь буюу 3 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1027 буюу 55 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. 

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 60 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлсэн. 

Монгол Улсын Засгийн газар онцгой байдлын үед гадаадад байгаа иргэдээ татан авах үйл ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ, Турк, Герман улсуудаас 8328 иргэдээ татан авсан. Одоо 46 улсад байгаа 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т ирүүлээд байна. БНСУ-аас гуравдугаар сарын 15, дөрөвдүгээр сарын 2, дөрөвдүгээр сарын 8, тавдугаар сарын 1-нд нийт 4 удаагийн Засгийн газрын тусгай үүргийн онгоцоор ирүүлж 1038 иргэн татаж аваад байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс