АНУ-ын зүүн эргийн бүс нутагт ойртон ирээд байгаа “Флоренс” хар салхи олон хүний аминд хүрч болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс ард иргэдэд анхаарууллаа.

Эргийн дагуу байрладаг Умард Каролина, Өмнөд Каролина болон Виржиния муж улсын 1.7 сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.

Умард Каролина муж улсын эрэг орчмын бүс нутагт хэдийнэ хүчтэй салхи дэгдэж, аадар бороо ороод эхэлсэн бөгөөд үерийн аюул нүүрлээд байна. Тус муж улсын 11 мянга орчим өрхийн цахилгаан хангамж тасалдаад байгаа ажээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Флоренс” хар салхины хурд 165 км/ц болж, хоёрдугаар түвшний шуургад тооцогдон хүч нь суларсан хэдий ч хөрсний гулгалт үүсгэх хангалттай хүчтэй байгаа тухай АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс дээр дурдсан муж улсуудын оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна.

Хар салхи дэлхийн дулааралтай холбоотой юу?

Уур амьсгалын өөрчлөлт болон хар салхинууд нь хоорондоо уялдаа холбоотой юм байна. Далайн усны хэм нэмэгдэж, бүлээсэх тусам хар салхины хүч улам нэмэгдэхэд хүргэдэг байна.

Ингэснээр хар салхинд өртөж болзошгүй нутгуудад үер усны гамшиг нүүрлэх нь түгээмэл тохиодог юм байна. Гэсэн хэдий ч байгалийн энэхүү ховор үзэгдлийг дэгдэхэд өөр бусад олон хүчин зүйл нөлөөлдөг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг