Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт гуравдахь өдрөө ажиллаж байна. Тэрээр өчигдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд байгуулах "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ын төслийг хэрэгжүүлэх газарт ажиллав.

1968 оноос хойш буюу 50 жилийн тэртээгээс яригдаж эхэлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл энэ хавраас эхэлж, 40 давхар барилгатай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт өрнөх аж. Уг төсөл нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл гэж хэлж болох юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. УЦС-ын далан уснаас дээш 60 метр, газраас доош 20 метр, гурван метр өргөн далантай бөгөөд 54 км2 усан сан бий болох юм.

Уг усан цахилгаан станц нь Ховд голын урсацыг ямар нэг байдлаар таслахгүй, голын голдиролыг өөрчлөхгүй, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтцод суурилсан гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан энэ үеэр тайлбарлав.

Ховд аймагт төдийгүй Баруун бүс нутагт нэн шаардлагатай байгаа эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдол бүхий хоёр том мега төслийг 2019 онд эхлүүлэхээр Засгийн газар, яамд, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж буй юм. Үүний нэг нь Шижигтийн хавцалд баригдах тус усан цахилгаан станц юм.

96 МВ-ын хүчин чадалтай, жилдээ 300 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх тус усан цахилгаан станц баригдсанаар баруун бүс нутаг дотоодын эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдаж, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарах, төвийн бүстэйгээ ижил үнэтэй цахилгааныг иргэд, ААН-үүд хэрэглэх зэрэг эдийн засгийн оон талын чухал ач холбогдолтой. Ингэснээр үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэа боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан онцолж буй юм.