Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын эхэнд “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулийг албан ёсоор нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Энхийг сахиулагчид аа,

Дайчид аа, офицер, ахлагч, генералууд аа

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо

Та бүхний амрыг эрж, Монголд тавтай морилохыг хүсье.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшлүүдэд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд евроазийг бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм. Монголын амар амгалангийн жилүүдэд евроазийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа. Чухам энэ үест худалдаа болон банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан.

Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг.

Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүд хаалгыг өнөөдөр эхлэж байгаа 16 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуулилт анхлан нээснийг энд би нэхэн сануулж байна. Хааны эрэлд олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм.

Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг  гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаах боломжийг бүрдүүлдэг Хааны эрэлд сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчид аа энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлхэн байдгийг дашрамд илэрхийлье.

Хааны эрэлд олон улсын сургуулилтад амжилт хүсье.

Даян дэлхийд амар амгалан орштугай” гэв.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр албан ёсоор эхэлж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургууль 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

Харин энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирсэн юм. Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна.



Эх сурвалж: https://president.mn/4381/