“Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт өнөөдөр боллоо. 

Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, нэрээ сольсон байдаг.

Бүтцийн энэ тогтворгүй байдал нь Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэдэг нь тодорхой юм. Иймээс цаашид байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлснээр хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тодорхой ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл зөвлөгөө авах юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад тулгарсан бэрхшээл гомдлыг хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, Монгол Улсын визний зөвшөөрөл олгох, сунгалт хийх, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлнэ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.