Ардчилсан эмэгтэйчүүд холбооны гишүүд ХЗДХ-ийн яамны гадна талбайд жагсаал зохион байгууллаа. 

“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр засаг юу хийж байна вэ”, “Хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалья”,  "Охин хүүхдээ бид хаанаа нуух вэ", "Хүүхэд хамгаалагчид хүүхэд хүчиндэх ёсгүй" гэсэн лоозон барьсан жагсагчид хүүхэд эмэгттэйчүүдийн эсрэг олон гэмт хэрэг ээлж дараалан гарсаар байхад үйлдэл хийгээгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг буруутгасан юм. Мөн хүчингийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Б.Гантулгыг хуулиар хамгаалах оролдлого хийж байгааг буруутгалаа.

Жагсагчдын нэг Г.Оюунгэрэл:

Хууль зүйн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр шударга ёсыг том дуугаар ярих хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй, 20 гаруй жил УИХ-д суучихаад ямар ч ажил хийсэнгүй, хуулийг хамгаалагчид нь өөрсдөө хүүхэд хүчирхийлсэн хэрэг ч гарлаа. Өчнөөн олон жил сайдаар ажилласан Ц.Нямдорж гуай ажлаа хийж чадахгүй байна, тийм учраас ёс зүйн хариуцлага хүлээх цаг нь болж, чаддаг хүнд чаддаг хүнд нь ажлаа өгсөн дээр" гэлээ.


Хүчингийн гэмт хэргийн хохирогч 13 настай охины эмээ:

Бид сүүлийн 2 жил охиныхоо төлөө цөхрөлтгүй явж байна. Ерөөсөө шүүх эмнэлэгийн дүгнэлт буруу гардаг, мөрдөн байцаалтын эхний шатанд батлан даалтад гаргадаг хэрэг шийдвэрлэлтийг удаашруулдаг. Дараа дахин ийм гэмт хэрэг битгий гараасай гэсэндээ зүтгэж ирлээ. Ар гэрийн хувьд ч охины минь хувьд асар их дарамт амсаж ирлээ. Үнэндээ бид айж байна, байнгын сэтгэлийн дарамтад явна. Амьд явахад хүнд хэцүү болсон. Хоёр жилийн өмнө тоохгүй хаячихаад өчигдрөөс эхлээд залгаад оршуулгын зардал гэж ярьсан. Энэ бүх дарамтаас болж хүү маань сэтгэцийн эмгэгтэй болчихлоо. Байсхийгээд Шар хадны сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж, үзүүлж байна. Зарим үед хийж байгаа үйлдлээ мэдэхгүй, хэлэх ярих үгээ мэдэхгүй, явж байгаа газраа ухаан алдаад уначихдаг болчихсон. Иймэрхүү дарамтаас болоод хүү маань амь насаа алдвал хэрэгтний ар гэрт л хандана. Хууль зүй, дотоод хэргийн сайдад дайн самуунтай оронд ч байхгүй хүчирхийлэл гардаг болчихлоо, хэн нэгний золиос болгох гэж хүн үр хүүхдээ өсгөдөггүй гэдгийг хэлье. Уг нь өөрөө үр хүүхэд, ач зээтэй хүн, хөрөнгө мөнгө л хөөцөлдөх юм, яагаад энэ бүхнийг зохицуулж болдоггүй юм. Ард түмнээ гэсэн сэтгэл байвал хийе гэсэн ажил өчнөөн байна. Чадахгүй бол ажлаа өгчих хэрэгтэй. Хийж чадахаар залуус зөндөө.