ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал энэ сарын 11-ний өдөр эхэлсэн билээ. АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан тэргүүтэй эдгээр жагсагчид Ц.Нямдоржийг суудлаасаа огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ өмнөх хэвлэлийн хурлаараа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Өмнө нь тэд зурагттай жагсаал хийсэн бол энэ удаа өнөөдөр төрийн ордны баруун хаалганы хажууд лам нараар бурханы ном уншуулж, арц хүж хомоол уугиулж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг зохих ёсны газарт шалгуулахыг хүсэж мөн түүний хүү Н.Анхбаярыг Австрали Улсад суух Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн тэмцэж байгаагаа илэрхийлсэн албан шаардлагыг хүргүүлнэ гэлээ.

Ордны хамгаалалтын алба жагсагчдыг албан ёсны зөвшөөрөл аваагүй учраас хууль бус гэж үзэн тараахыг хүссэн ч талаар болов.

АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан:

"Би ардчилсан улсад аж төрж байж жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж чадахгүй байна. 22 жилийн турш МУ-ын хууль зүйн салбарыг толгойлсон ч Ц.Нямдорж гэдэг хүнд хийсэн зүйл алга. Цагдаагийнхан, хүчний байгууллагыг өөрийнхөө төлөө ажиллуулах гэж энэ сандалд улайрдаг юм байна гэдгийг ойлголоо. Энэ ордонд хамаг муу муухай зүйл явагдаж байгаа учраас бид хомоол уугиулж байна.Үнэн хэзээд ялна гэдэгт би үхэн үхтлээ итгэж, тэмцсээр байх болно. Би хэнээс ч айхгүй, хоригдсон ч айхгүй, би тэмцсээр байх болно.Бид Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тэмцэл, жагсаалаа зогсоохгүй" гэлээ.