Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "The Hu" хамтлагт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон гардууллаа.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог тус одонг гардуулах ёслол Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болж, "The Hu" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог одонг гардан авлаа. Тус хамтлагийн гишүүд хамтран ажиллах гэрээний дагуу гадаадын орнуудаар аялан тоглолт хийж буй учир хүрэлцэн ирэх боломжгүй юм.

"The Hu" хамтлаг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд онцгой өнгө төрх бий болгож байгааг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон хүртээж байна.

The Hu” хамтлаг 11 хүний бүхэлдэхүүнтэй бөгөөд “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон гардуулах ёслолд Төрийн гурван өндөрлөг, болон салбар бүрийн нэрт төлөөлөгчид оролцлоо.

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.

“The Hu” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

"The Hu" хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The Hu” хамтлаг болсон байна.

"Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгаа. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байна" гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус хамтлагийг танилцуулах үеэрээ онцолсон юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

Ёслолоос гэрэл зургаар хүргэж байна.