Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар "The Hu" хамтлагт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд боллоо.

"Чингис хаан" одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "The Hu" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт гардуулав. Хамтлагийн бусад гишүүн гадаадын орнуудад аялан тоглолт хийж буй учир хүрэлцэн ирэх боломжгүй аж.

The Hu" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог "Чингис хаан" одонг гардсаныхаа дараа Хөх тэнгэр, Их эзэн чингис хаан, Төр, өвөг дээдэс, салбар салбарын түүчээлэгч, хамтран зүтгэгчид, Монгол түмэндээ талархлаа илэрхийлж гурвантаа мэхийн ёсолж, үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Өлзий учралт, билигт сайн энэ өндөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор мөнх тэнгэрийн ташуур, эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, "The Hu" хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээж авч буйдаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид "The Hu" хамтлагийн маань хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлье. Гардахыг нь би гардаж буй ч гавъяаг нь та бүхэн хамт хүртэх ёстой. 

Хөрс дэлхийд дээд хөх тэнгэр хүчирхэг болохыг дахин харуулан, өвөг дээдсийнхээ үзэл санаа, өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан, хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, есөн хөлт их цагаан тугийнхаа өмнө амлан тангаргалъя" хэмээв.

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон гардуулах ёслолд Төрийн гурван өндөрлөг, болон салбар бүрийн нэрт төлөөлөгчид оролцов.

Мөн ёслолын дараа продюсер Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь асуухад "Маш хүндэтгэлтэй арга хэмжээ боллоо. Хамтлагийн залууст маш том, итгэл найдвар, ташуур өгч байна. Ийм их хүндэтгэлтэй, шагнал гардуулах том ёслол болдог гэж би сайн ойлгоогүй байсан. Энэ хүндэтгэл намайг "шок"-нд оруулчихлаа. Маш их байртай байна. Шагналаа гардахаасаа өмнө хамтлагийнхантай холбогдсон. Тоглолтоо хийхгээд яг тайз руу гарах гэж байна гэсэн. АНУ-д тоглож байгаа. Тэд маш их баяртай байгаа. Ёслолыг шууд үзсэн байх. Одоо тэдэнтэйгээ холбогдож, хамтдаа баярлана" хэмээлээ.